БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв ажиллана
2011-10-26

БНСУ-д Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ төв тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд хөдөлмөр, нийгмийн даатгал, халамж, хүн амын асуудлаар зөвлөн туслах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Үйлчилгээний төвийн бүтэц, дүрэм, орон тооны дээд хязгаарыг батлан мөрдүүлж, удирдлагыг томилон ажиллуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасан байна. Хоёр улсын яам хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д ажиллах хүч илгээх асуудлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцах болсон юм. Энэ дагуу тус газар БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдээс 9 дүгээр сард солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, 4 мянга гаруй хүнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршуулахаар бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д манай 8500 орчим иргэн “Гадаадад ажиллах хүч илгээх төв”-ийн шугамаар гарч хөдөө аж ахуй, барилга, загасны аж ахуй, үйлдвэр, хөргөх байгууламжийн салбарт ажиллаж байна. Үүн дээр тус улсад албан бусаар ажиллаж, амьдарч байгаа, Солонгос хүнтэй гэр бүл болсон иргэдээ нэмбэл 30 гаруй мянган хүн байна гэсэн тоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин