Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хангалтгүй байна
2012-08-29

Өвөрхангай аймаг дахь “Эх Нутаг Хөгжил” төв ТББ нь 2011-2012 онд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр “Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь зорчигч тээврийн үйлчилгээг боловсронгуй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн саналыг холбогдох газруудад уламжлан, бодлого шийдвэрт нөлөөлөл хийхэд оршино. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Арвайхээр сумын хооронд зорчигч нийт 500 иргэдээс үйлчилгээний талаарх судалгааг авсан юм. Судалгаанаас харахад, зорчигч тээврийн үйлчилгээний чанар сайн биш, аюулгүй байдал хангагдаж чадахгүй байна гэж иргэд дүгнэж байна. Тухайлбал, үйлчилгээнд явж байгаа том, жижиг автобуснууд суудлын тооноос илүү хүн авч явдаг, автобус дотор зорчигчдын дэргэд, суудлын дундуур ачаа хэтрүүлэн ачиж, зорчигчдын амгалан тайван зорчиход саад болдог, жолооч жолоо барьж байхдаа бусадтай ярьж, анхаарлаа сарниулдаг, зорчигчид ямар ачаа бараа, тээш авч явж байгаад хяналт тавьдаггүй, /зарим зорчигчид тэсэрч дэлбэрэх аюултай баллон зэрэг барааг ачиж явдаг/ хурд хэтрүүлдэг, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй замд гарснаас эвдэрч зогсдог зэрэг санал гомдлыг илүү ирүүлсэн юм. Мөн зарим жолооч нарын зан харилцаа тааруу, зарим жолооч нар замд гарахдаа хэвийн бус байдаг, үүрэглэж унтдаг талаар шүүмжлэн хэлсэн юм. Автобусны халаалт муу байдаг, үүнээс болж даарч хөрч зутардаг, улмаар өвчин ханиад хүрч эрүүл мэндээрээ хохирдог талаар зорчигчид гомдол мэдүүлсэн юм. Үйлчилгээнд явж буй автобуснуудад суудлын бүс байдаг ч иргэдийн ихэнх нь байдаг гэдгийг мэддэггүй, мэдсэн ч хэрэглэдэггүй байна. Төслийн баг нь судалгааны дүгнэлт, зөвлөмжийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, тухайн байгууллагуудтай хамтран үйлчилгээний чанарыг сайжруулах, бодлого, шийдвэрт өөрчлөлт оруулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хийгдсэн бусад ажлууд: Орон нутгийн жолооч нарт үйлчилгээний харилцааны сургалтуудыг зохион байгуулж явуулсан. Энэхүү сургалтыг явуулсны дүнд жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцох мэдлэг хандлагыг зохих  хэмжээнд төлөвшүүлсэн. Сургалтад оролцсон оролцогчид сургалтаас мэдлэг мэдээллийг аваад зогсохгүй, олж авсан мэдлэгээ гэр бүлийнхэн, ах дүү найз нөхөд, бусад хүмүүст дамжуулан хүргэж, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм. Жолооч, зорчигчдод зориулан орон нутгийн “Арвайхээр чөлөөт суваг” телевиз, “ХАС” телевиз, “Таны элч” сонин, “Kife 103.9” FM радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, авто тээврийн ослоос хэрхэн сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг төслийн хугацааны туршид сурталчлан хүргэлээ. Түүнчлэн жолооч, зорчигчдод зориулсан зөвлөмж бүхий гарын авлага, зорчигчдод зориулсан санамж хуудас болон бусад сургалт, сурталчилгааны материалуудыг боловсруулан бэлтгэж, олон нийтэд хүргэлээ. Аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Тээвэр авто замын газрын удирдлага, ажилтнуудтай уулзалт, ярилцлагуудыг хийж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд тэдний санал бодлыг тусган хамтарч ажиллалаа. Төслийн үр дүнд жолооч болон иргэдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлага өөрчлөгдөж, иргэдийн оролцоо нэмэгдэн, санал бодлоо идэвхтэй ирүүлж байгаа юм. Мөн орон нутгийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, үйлчилгээний чанарыг сайжруулах зарим алхмуудыг хэрэгжүүлж эхэлж байна. Цаашид зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэн явуулж байгаа байгууллагууд болон үйлчилгээнд хяналт тавьдаг байгууллагууд зорчигчдын санал гомдолд үндэслэн үйлчилгээний чанарыг сайжруулан ажиллах, нэн түрүүнд зорчигчдод суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх, бусад зөвлөгөө зөвлөмжийг өгч хэвших, дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллах, хулгайн тээврийнхэнд тавих хяналтыг чангатгах, бусад албан байгууллага, иргэдтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм журмыг олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ослоос урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан явуулах хэрэгцээтэй байна. Авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг ганц нэг удаагийн компанит ажил болгон явуулаад өнгөрөх бус, төр, ТББ, бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн байнгын хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна. Төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, хамтран ажилласан орон нутгийн байгууллага, иргэдэд талархал илэрхийлье. “Эх Нутаг Хөгжил” төв ТББ Утас: 70323947 E-mail: ekhnutag@yahoo.com
Shuud.mn
Сонин хачин