Ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэлэлцлээ
2011-10-27

“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн асуудал” сэдэвт олон улсын хурал боллоо.  Монгол улс нь Мянганы Хөгжлийн Зорилтуудын төлөвлөгөөг Засгийн газрын дунд хугацааны стратегийн зорилго болгон хүлээн зөвшөөрсөн 189 улсын нэг нь бөгөөд 2015 он гэхэд 1990 оны суурь дундажтай харьцуулахад ариун цэврийн сайжруулсан байгууламжийн хамрагдах байдлыг 62% болгон өсгөх зорилго тавьсан байна. МХЗ-ын хэрэгжилтийн III үндсэн илтгэл дээр (2009) “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2007-2008 оны үр дүнгээр есөн хүн тутмын тав нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай гэсэн байна. Улаанбаатар хотын хүн амын 52% нь гэр хороололд амьдардаг бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламж чухал анхаарал татсан асуудалын нэг болж байна. Иймд манай оронтой адил уур амьсгалтай,  өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлах, мэдээлэл солилцох улмаар өөрийн оронд хэрэгжүүлж болох технологийн шийдлийг тодорхойлох зорилгоор энэхүү олон улсын хурлыг явуулахаар төлөвлөсөн. Хуралд үндэсний бодлого гаргагч, олон улсын зөвлөхүүд оролцож дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд: Ариун цэврийн байгууламжийн талаарх засгийн газраас хэрэгжүүлж буй одоогийн бодлого, стратегийг хэлэлцэх, Монголд хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын дэмжлэгтэй сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах санаачилгуудын талаар хэлэлцэх, Сэрүүн уур амьсгалтай зарим орнуудын ариун цэврийн байгууламж, технологийн шийдэл, туршлагаас хуваалцах, хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн өнөөгийн байдал, технологийн шийдлийн талаар олон улсын зөвлөх мэргэжилтний зөвлөгөөг авах,Шведийн ариун цэврийн байгууламжийн загвар, технологийн шийдэлтэй танилцаж, туршлага судлах талаар хэлэлцсэн юм.
Shuud.mn
Сонин хачин