Хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах асуудлаар санал солилцов
2011-10-27

Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” JFPR9131 төслийн дунд шатны үнэлгээний асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой АХБ-ны зөвлөх ноён Жон Жеймс болон АХБ-ны нийгмийн салбарын мэргэжилтэн Л.Итгэл нар уулзаж, санал бодлоо солилцов. Монгол улсын 36 сар хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилго бүхий энэхүү төслийн хүрээнд Хоол тэжээлийн салбаруудын хамтын үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлгээ дүгнэлт хийж, төслийн аймаг орон нутгийн эмнэлгийн анхан шатны байгууллагын ажилтнуудыг хоол тэжээлийн зөвлөгөө өгөх ур чадварт сургах, хүүхэд эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах, нийгмийн эрүүл мэндийн хоол тэжээл сургалтын хөтөлбөр боловсруулах  зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон сайд уулзалтын үеэр Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах нь Монголын ирээдүй үеийн эрүүл мэнд, оюун ухаанд хийж байгаа чухал хөрөнгө оруулалт гээд, хүнс хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хувийн хэвшил зэрэг салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Уулзалтаар төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах санал санаачлагыг дэмжих зорилго бүхий  “Загвар төсөл”-үүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад  Монгол улсын засгийн газарт дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлж, төсөл хэрэгжүүлснээр гарах эрүүл мэндийн болон нийгэм, эдийн засгийн үр нөлөөг судалсан нотолгоо бүхий тоо баримтаар баяжуулах нь төслийн үр дүнг үнэлэх гол үзүүлэлт болохыг чухалчлан санууллаа.
Shuud.mn
Сонин хачин