
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэх байсан боловч “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан гэсэн шалтгаанаар хойшлогдсон. Бүлгийн гишүүд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим заалтууд дээр эргэж харах шаардлага байна гэж үзжээ. Тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим асуултад хариу авлаа.
-
Танай бүлэг хэзээ чуулгандаа орох вэ. Ямар заалтуудаас болоод завсарлага авсан вэ?
-Одоогийн байдлаар завсарлага үргэлжилж байна. Энэ хуулийн төсөлд аймаг, сум, дүүргийн иргэдийн хурлыг зохион байгуулж байгаа сонгуулийн зохицуулалтад ялангуяа, хөдөөд улс төрөөр талцах байдлыг улам ихэсгэх, намын хүчин зүйлийг өндөр байхаар тусгасан заалт нэлээд байна. Иймэрхүү байдал монголчуудыг намаар, шашнаар, ажил мэргэжлээр, жижиг бүлгээр, хот хөдөөгөөр хуваагдан, үндэсний эрх ашгийн төвлөрлийг хийж чадахгүй байдалд хүргэж байгаа гэдгийг хаана хаанаа мэдэж байгаа. Суманд улс төрийн намаас иргэдийн хуралд нэр дэвшүүлдэгийг болъё, иргэд өөрсдөө бие даагаад нэр дэвшээд сумынхаа иргэдийн төлөөлөгч болох, баг дээрээ багийнхаа нийтийн хурлаа зохион байгуулж хүмүүсээ дэвшүүлэх гэх зэрэг иргэд өөрсдөө зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэр дэвшүүлсэн хүмүүс нь сонгогдон гарч ирээд цэвэр өөрсдийнх нь байгууллага хэлбэрээр ажиллахгүй бол парламентад ажилладаг улс төрийн намуудын фокусыг хөдөөд тусган баг масштабаар ажиллах хэлбэрээр оруулах хэрэгтэй. Сум багаар намаараа талцдаг, нам гэдэг нэр дор цөөн хэдэн хүн Засаг дарга болдог байдлыг халах ёстой гэж үзэж байна. Улс төрийн нам мэдээж нийгэм даяараа үзэл бодлын хайрцаг учраас байх нь тодорхой. Улаанбаатар хот шиг хүн ам ихтэй газар улс төрийн нам ажиллах нь зохистой байж болно. Монголын хөдөөгийн 350 орчим сумын 320 –оод нь дандаа жижиг сум байгаа. 2000-2500 орчим хүн амтай, зарим газар нь сонгогчийн тоо 1000 ч хүрдэггүй. Бүгдээрээ бие биенээ мэддэг, нэг аж байдал соёл дотор амьдардаг ийм иргэдийг ямар нэгэн нам болгон талцуулах нь зохисгүй. Өнгөрсөн 20 жил бид үүнийг хангалттай сайн харсан. Өрх гэр ах дүү хамаатан саднаараа талцдаг байдлыг халах ёстой гэж үзээд концепцийн өөрчлөлтөөр завсарлага авсан. Өөрсдийн хэлж байгаа концепцыг хуулийн томъёолол болгоод ерөнхийдөө бэлэн болсон. Одоо бүлгээрээ хуралдан дахин яриад нэгдсэн чуулганы хуралд орох эсэхээ шийднэ.
Та бүхний саналыг хүлээж авахгүй бол завсарлага үргэлжлэх үү?
-Хүлээж авах болов уу гэж найдаж байна. Хүлээж авахгүй бол үргэлжлэх байх. Манайхаас Ц.Цолмон гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч энэ талаар АН-ын зарим гишүүд, удирдлагатай уулзаж ярьсан байгаа. Зөвшилцөлд хүрээд бие биенийхээ саналыг хүлээж авбал завсарлага хоёрдугаарт тавигдан ажлаа урагшлуулах чиглэл рүү явна.
-Намын 30 хувиас өөр ямар заалт байгаа вэ?
-Өөр зарим зүйл заалт бий. Гэхдээ тэр завсарлага авахаар ноцтой биш. Зарим тиймэрхүү зүйлийг зарчмын зөрүүтэй саналын томъёолол болгоод байнгын хороо, хуралдаанд санал хураалгаад явна. Саяын энэ бол том конвенц юм. Улс төрийн нам цаашид монголд хэрхэн ажиллах вэ, насанд хүрсэн монгол хүн бүрийг намд элсүүлдэг, хөдөө орон нутагт нам гэж талцдаг байдлаа үргэлжлүүлэх юм, эсвэл том мөрийн хөтөлбөрт тулгаарласан үзэл санааны чиг байж чаддаг улс төрийн намууд парламентад ажиллах юм уу гэдгийг шийдэж байгаа бид энэ асуудалд ач холбогдол өгч, ул суурьтай хандах ёстой гэж үзэж байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ