НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн талаар хуралдлаа
2012-08-31

Сирийн дотоодын дайны уршгаар ард иргэд үй олноороо үрэгдэн, дүрвэж байгаа билээ. Пүрэв гаригт болсон Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр Туркын Гадаад явдлын яамны сайд Ахмет Давутоглу зөвлөлд хандан дүрвэгсдийн хуаран байгуулах хэрэгтэй гэдэг саналаа дахин хэлсэн юм. Цаг алдалгүй бүрэн хамгаалалт бүхий дүрвэгсдийн хуарангуудыг Сирийн хил дотор байгуулах хэрэгтэйг хэлжээ. Уулзалтын өмнө Их Британи болон Франц улсууд дүрвэгсдэд шинээр санхүүжилт олгохоо зарласан бөгөөд илүү түрэмгий үйл ажиллагаа эхлүүлэхэд туслах санал гаргасан юм. Харин хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон гадаадын засгийн газруудад хандаж Сирийн сөрөг хүчин болон Засгийн газарт зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг хүссэн юм. “Сирид дахин нэмэлт зэвсэг хэрэггүй. Засгийн газар болон сөрөг хүчнийг зэвсэг хэрэгсэл, мөнгөөр хангаж байгаа засгийн газрууд илүү их хүчирхийллийн замыг засч байгаагаас өөр зүйлгүй” гэсэн байна. Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг Сирид хандаж НҮБ болон хүмүүнлэгийн тусламжийнхныг чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардсан байна. Харин НҮБ-ын АНУ-ын бие төлөөлөгч Сьюзан Райс энэ талаар эсрэг байр суурьтай байлаа. “Сирид болж буй хямрал улс төрийн хямрал болохоос биш хүмүүнлэгийнх биш. Ямар ч хүмүүнлэгийн тусламж дайныг зогсоохгүй. Харин Ассадын дэглэмийг унагаж байж л энэ бүхэн дуусна” гэсэн юм. НҮБ-ийн Аюулгүйн зөвлөл гишүүн орнууд хоорондоо санал зөрөлдөж байгаа учраас энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна. Сирийн гол холбоотнууд болох ОХУ, БНХАУ нар Ассадын дэглэмийг унагах талаар Барууны орны дэмжлэгтэй шийдвэрүүдэд хориг тавьсан бөгөөд энэ байр сууриа өөрчлөх төлөвгүй байгаа юм.       Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин