Н.Амарсанаа: Насанд хүрээгүй 39 хүүхэд эрүүлжүүлэгдсэн
2012-09-04

Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн архидан согтуурахтай тэмцэх алба хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Амарсанаагаас архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Яг энэ улиралд нийслэлд архидан согтуурах  явдал эрс ихэсдэг. Архидалтаас  урьдчилан сэргийлэх талаар ямар ажлыг зохион байгуулж  байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2012 оны эхний найман сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 1195 гарсан. Энэ нь өнгөрөгч 2011 оны мөн үеийнхтэй харьцуулбал  зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ер нь согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг шөнийн 01.00-06.00 цагийн хооронд 60-70 орчим  хувь нь үйлдэгддэг гэсэн судалгаа бий. Насны ангилалаар авч үзвэл 16-35 насны залуус гэмт хэрэгт холбогдох нь их.  Хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаанд шөнийн цэнгээний  газрууд хуульд заасан цагийн хязгаарлалтыг зөрчиж  байгаа  явдал  нөлөөлж байна. Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн нас залуужих хандлага ч  ажиглагдаж байгаа. Энэ  улиралд нийслэлд орон нутгаас шилжин ирж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлага бий. Одоогоор нийслэлд  есөн дүүргийн хэмжээнд 10 нь эрүүлжүүлэх байр ажиллаж байна. Энэхүү байруудад нийт  44771  хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн тоон үзүүлэлт  гарсан. Үүнээс 1772  эмэгтэй, 19 гадаадын иргэн,  39 насанд хүрээгүй хүүхэд,  514  оюутан байна. Насны ангилалаар нь авч үзвэл 16-35 насны залуус   эрүүлжүүлэгдсэн.

-Согтуугаар үйлдэгдсэн хэргүүдийг өнгөөр нь  авч үзвэл?

-Гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл, танхай, иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зонхилдог. Архидан согтуурсантай холбоотой эдгээр гэмт хэрэг үйлдэгдэж байна. Манай цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, архи согтууруулах  ундаа худалддаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж  байна. Түүнчлэн архидан согтуурахын улмаас үүссэн хор уршгийг хүүхэд, залуучуудад таниулах, зохион байгуулах арга хэмжээг авч байна. Саяхан манай Цагдаагийн газраас үүрийн телефоны газруудтай хамтран архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг  дэмжье гэсэн уриаг  Юнител, Скайтел компаниудтай хамтран хэрэглэгчдэд цахим захидлаар  илгээсэн. Харамсалтай  нь энэхүү  арга хэмжээг Мобиком компани дэмжээгүй. Уг нь хамгийн олон хэрэглэгчтэй энэхүү  компани залуучуудад дээрх уриаг  илгээсэн бол илүү үр дүн гарах байв.  Ер нь архидан согтуурахтай тэмцэх ажил зөвхөн цагдаагийн байгууллагын ажил биш. Эмгэг болоод байгаа архидалтаас урьдчилан сэргийлэхэд хувь хүмүүс, албан байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Хүн бүр нийгмийн хариуцлагатай байх учиртай. Золгүй байдлаар амь насаа алдсан  тохиолдол  2012 оны эхний найман сарын байдлаар өдөрт 5-7 хүн. Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгээс авсан судалгаагаар 2012 оны эхний хагас жилийн байдлаар 262 хүн архины хордлогын улмаас нас барсан. Өнгөрөгч онынхтой харьцуулахад 12.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.  Архи байнга хэтрүүлж хэрэглэж амь насаа алдсан тохиолдол ихэнх нь байна.

 -Насанд хүрээгүй хүүхэд эрүүлжүүлэгдсэн тохиолдол хэд бүртэгдсэн бэ?

-Эхний найман сарын байдлаар  19 хүүхэд эрүүлжүүлэгдсэн. Өнгөрөгч 2011 онд 39 хүүхэд эрүүлжүүлэгджээ. Нийслэлийн хэмжээнд 3600 аж, ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Тэдгээр газарт үйлчлүүлж буй иргэдийн 80 хувь нь залуучууд.  Түүнчлэн 50 орчим хувь нь  дунд сургуулийн хүүхдүүд бий. Монгол Улсын Архидан согтуурах тухай хуулийн шинэчилсэн найруулагад  үйлчлүүлэгчдийн бичиг баримтаар үйлчилгээ үзүүлэх, архи согтууруулах ундааг худалдаалахдаа төрөлжүүлэх гэсэн саналыг цагдаагийн байгууллагаас оруулсан. Үйлчилгээний байгууллагууд орлогын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн хууль дүрмээ  биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэхүү хуулиа  мөрдөхгүй байна. Хууль зөрчсөн аж ахуйн нэгжид 250 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авдаг. Хэдийгээр ийм хэмжээний торгууль ногдуулдаг ч зөрчил буурахгүй байна. Учир нь 250 мянган төгрөг бол нэг томоохон үйлчилгээний газрын нэг шил архины л үнэ шүү дээ. Иймэрхүү төрлийн зөрчил  өсөх хандлагатай байгаа. Зөвхөн торгууль ногдуулаад өнгөрч байгаа  хууль эрх зүйн зохицуулалт нь  оновчтой биш.  Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  шаардлага байгаа нь практикаас харагдаж байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
HUUHDUUD ZAMBRAA ALGAA DELGUURCH BAS ARHI UGUUD ARHI UUSAN HUUHEDIIG ANGI HAMT OLON DOTOR NI HELEED ZASAJ AVAH HEREGTEI SH TEI
2012-09-04