Киногоо үзээд суучихвал ч...
Нэвтрүүлгийнхээ өнгө аясыг эрс өөрчилж, цоо шинэ төрхтэйгээр үзэгчдээ угтсан "ТВ-Коктейль" хамтлагийн жүжигчин А.Цэнд-Аюуш кино үзэх тун ч дуртай гэнэ. Хөгжилтэй адал явдал хийгээд сэтгэл уярам хайр дурлалын түүх өгүүлсэн романтик сэдэвтэй кино үзэх нь түүний хобби. Тэр бүр театрт тухлах боломж түүнд гардаггүй учраас сонирхсон киноныхоо DVD-г зүгээр л худалдаад авчихна. Амралтынхаа өдөр мөнөөх кинонуудаа өрж тавиад л нэгийг нь ч алгасалгүй үзэхийг хичээсэн жүжигчин бүсгүйг телевизорынхоо өмнө амттан тэврээд суучихвал өөр юугаар ч анхаарлыг нь татаж чадахгүй гэж мэд. Өдгөө 100 гаруй кино цуглуулж амжсан гэх А.Цэнд-Аюуш уйдсан үедээ найз нөхдийнхөө цуглуулга руу "өнгийх" нь холгүй аашилдаг гэсэн шүү. Цуглуулгынхаа киног сольж үзэх дуртай болохоор нь түүний найзууд ч гэсэн шинэ кино худалдаж авахдаа чухал ач холбогдол өгдөг болжээ. Харин адтай бүсгүйд цус урсгасан аймшигт аллага буюу хий үзэгдэл, зомби нарын тухай сэдэвтэй кино огтхон ч таалагддаггүй гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ