
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хорооны хэсэг иргэд газрын луйвар болон зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хорооны нутаг дэсгэрт "Гацуурт"-ын Л.Чинбат зөвшөөрөлгүй барилга бариулж байгаагаас болж тэр орчинд иргэд эрүүл аюулгүй орчин амьдрах наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаагаа хэллээ. Уг барилга нь газрын зөвшөөрөл авахаас эхлээд барилга барих хүртэлх бүхий л үйл ажиллагаа нь хууль бус байсан гэдгийг тэд хэлж байна.
МХЕГ-аас барилга барих зөвшөөрөл аваагүй байж барилгаа эхлүүлсэн бөгөөд улмаар арванхоёр давхар болтлоо сүндэрлэжээ.
Иргэдийн хэлж байгаагаар уг барилга нь зочид буудал болон баар цэнгээний газрын зориулалтаар босч байгаа юм. Хэдийгээр холбогдох албаныхан энэхүү барилгын ус, дулаан, бохир цахилгаан зэргийг нь хаасан боловч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.
Тус барилгыг барьж байгаа компанийн ажилчид иргэдийг унтаж амрах цагаар дуу ихтэй мотор болоод хүнд даацын машин авчирч ажиллуулдаг, шөнийн 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл ажилладаг байна. Ажилчид нь болох хойд солонгосын иргэд нь тус газраа байрладаг. Үүнээс болоод ойр орчим нь үндсэндээ хогийн цэг болжээ. Оршин суугчид барилга эхэлсэн цагаас хотын удирдлагуудад гомдол саналаа илэрхийлж байсан боловч өнөөг хүртэл доривтой арга хэмжээ аваагүй байна. Харин нийслэлийн шинэ удирдлагуудад ихээхэн итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Б.Доржпагам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ