
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Шинэхэн сайд хэл ам байнга дагуулдаг эл салбарт бүтэц, чиг үүргийн талаар шинэчилсэн бодлого барьж ажиллахаар төлөвлөлтөө хийсний дагуу ийн газрын даргыг нь өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Энэ тухай саналаа ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулахаар болжээ.
Монголд оршин сууж буй гадаадынхнаас хамгийн олон буюу БНХАУ-аас 27496 иргэн хувийн хэргээр оршин сууж буй.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад нэвтрэх визгүй, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй болон бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцааж, 15 орны 224 иргэнийг албадан гаргажээ.
Үүний дотор Хятадын 159, БНСУ-ын 19, ОХУ-ын найм, Филиппины зургаа, Америкийн долоо, БНАСАУ-ын зургаа, БНКазахстан улсын таван иргэн байсан байна.
Мөн уул уурхай, авто зам, барилгын салбарын төсөл хөтөлбөрийн хүрээнд хятад ажилчид гэрээгээр ирж байгаа. Засгийн газрын гэрээгээр Оюутолгойд 11000 хятад ажилчин ирэх ёстойгоос одоогоор 4659 иргэн ажиллаж байгаа гэнэ.
Н.Түвшин