Согтуу жолооч нар “бүх насаараа”...
2012-09-25

Оросын Төрийн думын депутатууд согтуугаар машин жолоодож явсан жолоочид хүлээлгэх шийтгэлийг чангатгасан өөрчлөлийг хууль тогтоомжид оруулах бодолтой байна. Тухайлбал, удаа дараа согтуугаар машин жолоодож явсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнчлэн ийм зөрчил  давтан гаргасан тохиолдолд  машин жолоодох эрхийг бүх насаар нь хасахыг санал болгож байна. “Хүмүүс хохирсон нь л бол өнөөдөр эрүүгийн шийтгэл хүлээлгэхээр заасан байдаг. Шийтгэлийг чангатгах хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлтийг (чангатгах тухай)  энэ долоо хоногт бэлэн болгоно. Хэрвээ тухайн этгээд удаа дараа  дүрэм зөрчиж, согтуугаар машин жолоодож явсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг ч хэлэлцэхийг санал болгож байна” гэж Дум дэх “Нэгдмэл Орос” намын бүлгийн тэргүүн Андрей Воробьев хэлэв. Таван мянган рублиэр торгох болон захиргааны журмаар 15 хоног саатуулах нь  дэндүү хөнгөн шийтгэл юм. “Юуны таван мянган рубль, 100 мянган рублиэс багагүй торгууль ногдуулахыг санал болгоно. Үүнээс гадна, удаа дараа согтуугаар машин жолоодсон бол эрхийг нь бүх насаар нь хасах, эсвэл жолоочийн үнэмлэхийг нь нэлээд хугацаагаар хурааж болох юм” гэж Воробьев хэлсэн байна. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ санаачлагыг хэлэлцэхийг санал болгов. “Сүүлийн үед манайд зам тээврийн хэд хэдэн аймшигтай осол гарлаа. Харамсалтай нь, эдгээр ослын үнэмлэхүй олонхи нь согтуугаар машин жолоодсон үед гарч байна. Ийм гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг илүү чангатгах тухай бодох хэрэгтэй нь мэдээж” гэж тэр Ерөнхий сайдын орлогч нартай хийсэн  зөвлөгөөн дээр хэлсэн байна. Хамгийн ноцтой үр дагавар учруулсан нөхцөлд л одоо хүлээлгэж буй хариуцлага  шалихгүй байгаа гэж тэр дурджээ. Өнгөрсөн бямба гаригт  Москвад зам тээврийн аймшигтай осол гарсантай  холбогдуулан депутатууд  шийтгэлийг чангатгах санаачлага гаргаж байна. Тэгэхэд,  өөрийнх нь хэлснээр хоёр өдөр дараалан  архи уусан жолооч автобусны буудал мөргөж, долоон хүн, түүний дотор таван өнчин хүүхэд, хүмүүжүүлэгч эмэгтэй, түүний нөхрийг дайрч амь насыг нь бүрэлгэжээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин