
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үүсч хөгжсөний 45 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл манай улсад телевизийн салбар бий болсны 45 жилийн ой гэсэн үг юм. Энэ ч утгаараа тус телевизийн уран бүтээлчид тэмдэглэлт ойдоо зориулан олон олон ажлыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд төрийн тусгай хамгаалалтад байдаг МҮОНТ үзэгч олондоо үүдээ нээж, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг ММ агентлаг, төрөл бүрийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдэг уран бүтээлийн нэгдлүүд, редакциуд, албадууд бас өдөр бүр гэрт нь зочилдог хайртай хөтлөгч, нэвтрүүлэгч нартайгаа уулзахаар 1200 гаруй хүн хүрэлцэн ирсэн юм. Телевизийн нэг мэдээ, нэг нэвтрүүлгийн цаана хичнээн хүн ажиллаж, ямар ямар шат дамжлагаар дамжин, эфирт цацагддагийг эдгээр хүмүүс маань өөрийн биеэр үзэж, танилцсандаа сэтгэл хангалуун байлаа.
Уг өдөрлөгийн үеэр 600-ийн их студид “hey hey”, “1 сая 1 минут” болон Юнителийн “5 байр хөтөлбөр”-ийн тайзнууд засагдсан байсан юм. Хүрэлцэн ирсэн зочид нэвтрүүлгийн хөтлөгч нартаа зургаа авахуулах, “hey hey” нэвтрүүлэгийн адал явдалтай бас авхаалж самбаа шаардсан даалгаваруудаас нь хийж гүйцэтгэн, жилээс жилд шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа телевизийн тоног төхөөрмжтэй танилцсан зэрэг хэн хүний нэвтрээд байдаггүй үндэсний телевиз энэ л өдөр олны хөлд дарагдсан юм.
МҮОНРТ-ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т зориулан Монголын мэдээлэл холбооны Юнител группийн хамт олон ч “5 байр хөтөлбөр”-ийнхөө тайзыг засаж, иж бүрэн тавилгатай, бүрэн цахилгаан хэрэгсэлтэй байрныхаа эзнийг тодруулдаг бөмбөлөгний машинаа авчирч, хүрэлцэн ирсэн хүмүүсд сонирхуулсан юм. Автоматаар биш санамсаргүй тохиолдлоор эргэлдэн гарч ирэх бөмбөлөгнүүдэд хүрэлцэн ирсэн Юнителийн хэрэглэгчид байртай болгож өгөөрэй хэмээн хүслээ шивнэж байсныг онцлохгүй өнгөрөхийн аргагүй ээ. Магадгүй дараагийн байрных нь эзэн ч эдгээр хүмүүсээс тодроосой гэж хүсмээр байна.
Ийнхүү өнгөрсөн амралтын өдөр Үндэсний телевиз их үүдээ нээсэн юм. Энэ дашрамд МҮОНРТ-ийн үе үеийн уран бүтээлчдэд 45 жилийн ойн баярын мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ