Албадан эмчлэх төв сургалтын төвтэй болжээ
2012-10-05

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт өнөөдрийн байдлаар 131 өвчтөн эмчлүүлж байна. Тэдний 17 нь эмэгтэй.  Уг нь Эрүүл мэндийн сайдын 2011 оны 210 тоот тушаалаар бол тус газар 100 ортой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч ачаалаа дийлэхгүй байгаа юм байна. Архинд донтож, албадан эмчилгээнд ирж байгаа өвчтөнүүдийн бараг 50 хувь гаруй нь сүрьеэ, элэгний хатуурал зэрэг суурь өвчтэй, 25-45 насныхан. Тэд нийгмийн стресс, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдлаас болж архинд донтож байна. Тус эмнэлэг сум дундын статустай бөгөөд шүүхийн шийдвэрээр хүргэгдэн ирсэн өвчтөнүүд 3-6 сар хордлого тайлах, архи уух дуршил бууруулах, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэдэг. Энэ хугацаанд тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэргэжил олгох сургалтууд явуулах гэж байна.Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх сангийн хөрөнгөөс  мужаан, үсчин, гоо сайхны сургалт явуулах анги танхим, тоног төхөөрөмжийг тохижуулж, клубын нээлтээ хийжээ. Өвчтнүүд эмчлүүлэх хугацаандаа сургалтанд хамрагдсанаар мэргэжлийн үнэмлэхтэй болж, гараад мэргэжлээрээ ажиллах боломжтой юм. Архинд донтох өвчтэй өвчтөнүүдийн 38-41 хувь нь хөдөлмөрийн чадваргүй, 26-31 хувь нь давтан ирэгсэд байдаг.  Харин өнөөдрийн байдлаар тус газар эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн  26 нь орон гэргүй, 43 нь ганц бие, 75 нь гэр бүлээсээ салсан гэсэн судалгаа байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин