“Цаазын тавцан дээр” үзэсгэлэн нээгдэнэ
2012-10-10

Монголын уран зургийн галерейд өнөөдөр “Цаазын тавцан дээр” хэмээх үзэсгэлэн нээлтээ хийнэ. Олон улсын Хүний Эрхийн Эмнести Интернэшнл байгууллагаас зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн тав хоногийн турш гарна. Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр нь “Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдөр” бөгөөд уг үзэсгэлэнд Нигерийн Инугу гяндан дахь цаазаар авах ялтай хоригдлуудын хоригдож байсан нөхцөл байдлыг харуулсан Нигерийн “Амьдралын гүүр” байгууллагыг үндэслэгч Артур Жуда Энжелийн зурсан зургийн фото хуулбар тавигдах юм. Тэрээр 1986 онд цаазаар авах ял сонсон, Нигерийн муу бүхнээрээ алдартай Инугу шоронд 9 жил хоригдон, өршөөл үзүүлэхийг хүний эрхийн идэвхтнүүд уриалсны эцэст 2000 онд суллагдсан юм. Суллагдсаныхаа дараагаар тэрээр цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд нэгджээ. Түүний “Цаазын тавцан дээр” нэртэй үзэсгэлэн нь 2004 онд Лагос дахь Нигерийн Үндэсний Музейд тавигджээ. Ял эдлэх хугацаандаа Артур үй олноор нь буудан хороох болон дүүжлэх ялын гүйцэтгэл, эрүүдэн шүүхийн гэрч болж байсан бүхний тухай өөрийн зурсан зургаар өгүүлснээрээ онцлогтой юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин