Чийдэн унтарлаа
2012-10-12

Нийслэлийн хойд захын гэр хороололд тог унтрав. Баянхошуу тэр ч байтугай хотын төвийн X, XIII хороололд дуу дуугаа авалцсан мэт цахилгаан түр тасарлаа. Амралтын өдрүүдэд айлуудын тав тухыг үргээсэн энэ байдал нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр анхаарал татсан сэдэв болсон юм. Хайлаастын 110 кВт-ын дэд станц ачааллаа дийлэхгүйд хүрснээс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн Долоон буудал, Бэлхийн амны 20 мянган айл цахилгаанаар тасалдаж байна. Энэ хомсдол гол төлөв нийслэлийн захын айл өрх төдийгүй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нүүрлэж эхлээд байгаа. Ялангуяа ирэх арванхоёрдугаар сард дулаан дамжуулах ачаалал 18 хүртэл хувиар нэмэгдэх учраас цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй талаар эрчим хүчнийхэн анхааруулж байна. Мууд муухай нэмэр гэгчээр II, III, IV цахилгаан станцын харьяа дулааны зарим шугам сүлжээний тоноглолд гэмтэл гарсан тул хэрэглэгчид одоо ч халаалтаа авч чадахгүй сууна. Айсуй өвөл хатуухан болж магадгүй талаар хот хөдөөгүй ярьж байна. Хасах 50 хэм хүртэл хүйтэрнэ гэдэг нь хэтрүүлэг байж болох авч сэтгэлд цаанаа л жавар хургана. Зарим нь үстэй дээлээ нөмрөөд галаа өрдөж, гэр байшиндаа дулаахан суудаг юмаа гэхэд тог тасарвал ёстой нусаа хацартаа наана. Жил ирэх тутам дөрвөн уулынхаа дунд багтаж ядаж байгаа их хот гал алдвал Монгол Улсын голомт тэр чигээрээ зутарна. Уг нь Дэлхийн банкнаас дөрвөн жилийн өмнө судалгаа хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол 2012 он гэхэд цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй шүү гэж манай Засгийн газарт анхааруулсан юм билээ. Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3,5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Монгол Улсын эрчим хүчний салбарт 1984 оноос хойш нэг ч дулааны цахилгаан станц ашиглалтад ороогүй бөгөөд нэгдсэн сүлжээнд ажиллаж буй станцуудын цахилгаан, дулаан үйлдвэрлэх хүчин чадал нь одоогийн цахилгааны хэрэглээ болон Улаанбаатар хотын дулааны хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болжээ. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2005 онд дуусч, гуравдугаар станцынх 2008-2011 онд ерөнхийдөө өндөрлөн, Дарханы ДЦС-ын тамир ирэх онд барагдахад тулжээ. Ийнхүү их хотыг илч гэрлээр хангаж буй дулааны цахилгаан станцууд олон жил ажиллаж, тоног төхөөрөмж нь хэдийнэ хуучирч муудсанаас дэнтэй дунтай болов. Улс орны эдийн засгийн өндөр өсөлт, уул уурхайн хөгжил болоод нийслэлийн их барилгажилтын цар хүрээ зэрэг хүчин зүйлс нь эрчим хүчний баараггүй эх үүсвэртэй болохыг хүлээж ядаж байна. Харамсалтай нь тавдугаар цахилгаан станц цаасан дээр мөрөө гаргаад таван жил өнгөрлөө. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд манай улсын санхүү, эдийн засгийн нөөц бололцооноос шалтгаалан эрчим хүчний бодлогын баримт бичгүүдэд тусгасан түлш, эрчим хүчний системийн шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах асуудал хойшлогдсоор байгаа. Эгийн голын 220 МВт-ын усан цахилгаан станц, Улаанбаатарын тав дахь шинэ эх үүсвэр, Тавантолгойн цахилгаан станцыг барихаар “Эрчим хүчний нэгдсэн систем”-ийн хөтөлбөрт заасан боловч одоо хэр хэрэгжээгүй. Үүнээс үүдэн эрчим хүчний хүчин чадлын дутагдалд орж эхлэв. Төвийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 819.0 МВт ба боломжит чадал нь 687 МВт юм байна. 2010 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн оргил ачаалал 729 МВт болсон бөгөөд цаашид улам өсөх хандлагатай гэдгийг мэргэжилтнүүд нуусангүй. Иймээс улс орны хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийн тогтвортой байдлыг хангахад эрчим хүчний эх үүсвэрийг шинээр барьж байгуулах, түүнд хөрөнгө оруулалтыг өндөр үр ашигтай зарцуулах асуудал тулгамдаж байна. 2006 онд Хятадын “Экзим” банкнаас манай улсад Эгийн голын 220 МВт-ын усан цахилгаан станцыг барихад зориулж 300 сая ам. доллар олгохоор болсон ч барилгын ажлын өртөг нь 400 ам. доллар болж, хоёр жилийн дараа төслийн хувь заяа замхран мөнөөх мөнгө өөр замаар оржээ. Гэтэл дахиад л ажил удаж, түлш эрчим хүчний салбарт нэмэлт эх үүсвэр бий болгох хөрөнгө оруулалтын эрэлд мордоод байна. Мөн Шивээ-Овоогийн 3600 МВт-ын цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл одоо хэр тодорхойгүй байгаа. Алсдаа БНХАУ-д эрчим хүч экспортлох энэ станцын талаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэж чадвал ирэх жил бодит ажил болох боломжтой ажээ. Энэ мэтчилэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлд тусгасан хэд хэдэн станцын сураг цаасан дээр торойж байхшив. Юутай байна, түүгээрээ дайлна гэсэн үг бий. Тэгвэл Монголд нүүрсний их нөөц, томоохон уурхайнууд байна. Хуучин Түлш, эрчим хүчний яамнаас 2008 онд хаягдал нүүрсээр ажиллах 600 МВт-ын цахилгаан станцыг Тавантолгойд барихаар танилцуулсан авч засаг солигдоод талаар болсон. Уг нь том хүчин чадлаараа бүр 2000 МВт хүрч болох байжээ. Багануурт бас нүүрсний хийгээр ажилладаг хосолмол цахилгаан станц барих санал гарсан. Тэр үеэр нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргаж, урд хөршдөө экспортлох бөгөөд илүүдэл 250 МВт-ын цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх гэрэл гэгээтэй мэдээ сонсогдож байлаа. Гэхдээ технологийн болоод арилжааны бас бус нөхцөлүүдээс хамааран өмнөх Засгийн газар барьж авсангүй. Харин  эрчим хүчний системийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-аас эрчим хүч авсаар байгаа, трансформатороор дээд тал нь 255 МВт-ыг дамжуулдаг байна. Одоогоор ердөө 120 МВт-ын эрчим хүч импортлох гэрээтэй ажээ. Иймээс улсын нийслэлд тог тасарч, чийдэн унтрахын зовлонгоос ангижрахын тулд Улаанбаатарын цахилгаан, дулааны судсанд илч нэмэх эрчим хүчний тавдугаар эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй байна. Б.Уянга
Shuud.mn
Сонин хачин
Olon yanziin hool iddeg shyy.Chi l 2 hool iddeg ium bgaa biz.
2012-10-13
ха ха ха монгол үхэрүүдээ гэж ---хойшоогоо харж ярьдаг 13-р зуун биш шүү дээ 2-хон төрлийн хоол иддэг хоёр хөлтэй үхэр сүрэгүүд юм даа
2012-10-13
ход мод:
Манай Хан-Уул дүүрэгт ч гэсэн хэд хоног дараалан гэрэл тасраадбайгаа ш дээ өдөр шөнөгүй
2012-10-13
Batuul darga bolob hot tok tasrab
2012-10-12
irgen:
huuhdiin mongo uu tasardaggui cahilgaan heregtei uu????
2012-10-12
Onoodor bolj bsival margaash hamaagui:
Yamar ard tumen bna tiim tor bna gedeg. Mongolchuud bid onoodoriin uushig margaashnii oohoos deer gedeg humuus shuudee. Odoo l bolj vaival ireedui hamaagui. Uul n suuliin heden jil mongo tsatsaagui bol shine tsahilgaan stantstai boloh bolomj baisanshdee. Odoo yay gehevdee 21000 heregtei bna uu tog heregtei bnuu oorsdiinhoo biyer medertsgeejdee hoorhii
2012-10-12