Гадаад хэргийн сайд нар уулзлаа
2012-10-16

Азийн хамтын ажиллагааны хэлэлцээ (АХАХ)-ний Дээд хэмжээний анхдугаар уулзалтын хүрээнд болж буй Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ оны аравдугаар сарын 14-нд Эль-Кувейт хотноо болов. Уулзалтад Монгол Улсыг төлөөлөн ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Дамбийням тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Манай төлөөлөгч хэлсэн үгэндээ АХАХ нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэх боломж байгааг онцолж, гишүүн орнууд харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, цар хүрээг тэлэх зэрэг шийдвэрлэх олон асуудал байгааг дурдаж, АХАХ-ний үйл ажиллагааг урагшлуулж, бодитой үр дүнд хүргэхийн тулд АХАХ-ийн нарийн бичгийн дарга нарын газар байгуулах саналыг Кувейтийн тал гаргасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс АОХН-ийг дарга орны хувьд тус байгууллагын хүрээнд дэлхийн улс орнууд идэвхтэй хамтран ажиллах, ялангуяа ардчиллын боловсрол, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх зэрэгт анхаарч байдгийг тэмдэглээд  2013 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох Сайд нарын түвшний дээд хэмжээний уулзалтад идэвхтэй оролцохыг уриалав. Мөн ТҮГЭС О.Дамбийням Кувейтийн Гадаад хэргийн дэд сайд Халед Аль-Жарала-тай уулзаж, хоёр орны харилцааны талаар санал солилцов. АХАХ-ний Дээд хэмжээний уулзалт Кувейтийн нийслэлд үргэлжилж байна. 2002 онд Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтыг Тайландын Ча-ам хотноо зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлсэн АХАХ нь эдүгээ Азийн 32 улсыг эгнээндээ нэгтгэсэн Азийн орнуудын яриа хэлэлцээний чухал механизм болон өргөжиж байна. Монгол Улс энэхүү яриа хэлэлцээний механизмийн гишүүнээр 2004 онд элссэн юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин