Триатлоны долоо хоног эхэллээ
2012-10-20

Будант Английн буурал Лондонд уралдан ид хаваа гайхуулсан триатлончдын 2012 оны хамгийн сүүлчийн, тэгэхдээ хамгийн чухал тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ бол Barfoot &Thompson ITU World Triathlon Grand Final Auckland буюу Триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ уралдаан юм. Уг тэмцээнд хурд хүчээ сорихоор 45 орны 4000 гаруй тамирчид Шинэ Зеландын Оклэнд хотноо чуулаад байгаа бөгөөд триатлоны түүхэнд томоохонд тооцогдохоор төлөвтэй. Элит Дэлхийн чансааны тэргүүн байрын төлөө эрчүүдийн ч, эмэгтэйчүүдийн хооронд ч маш ширүүн тэмцэлдээн өрнөөд байгаа билээ. Олимпийн аварга англи эр Алистер Браунли гэмтлийн улмаас тус тэмцээнийг өнжих ч түүний Жонни Браунли аваргын цомыг гэр бүлдээ үлдээхийг хүсч буй нь мэдээж. Тэдний гол өрсөлдөгч, дэлхийн хошой аварга Хавьер Гомес (Испани), ямагт эхний байруудад өрсөлддөг ч гол төлөв медальгүй үлддэг Александр Брюханков (ОХУ) нарын бэлтгэл гойд жигдэрсэн сураг дуулдах боллоо. Энэхүү гурван шандаст эрийн хэн нь түрүүлэхийг аравдугаар сарын 21-нд харцгаая. Түүнээс нэг өдрийн өмнө буюу аравдугаар сарын 20-нд болох эмэгтэйчүүдийн уралдаан барианы шугам дээр алтан медалийг шийдвэрлэсэн Лондоны олимпийн уралдааныг давтаж мэдэх юм. Австралийн Эрин Деншам улирлын эхнээс тэргүүлж ирсэн ч Шведийн Лиза Норден сүүлчийн хоёр гараанд түрүүлээд байгаа. Нутагтаа уралдах Андреа Хьюиттыг ч мартаж болохгүй. Under23 Аравадугаар сарын 20-нд Under 23 залуучуудын эрэгтэй, эмэгтэй уралдаан хамтдаа явагдана. Залуусаас элит ангиллынхантай хурд сорьдог Францын Венсан Луй, Испанийн Фернандо Аларза, ОХУ-ын Игорь Полянский нар өнгөлөх боломжтой. Бүсгүйчүүдээс саяхны уралдаануудад ямагт медалийн тавцанд гарч байгаа Голландын Маайке Кэлерс гол нэр дэвшигч нь бөгөөд түүнтэй Их Британийн Нон Стэнфорд, Мексикийн Клаудиа Ривас, Францын Эмми Шарайрон нар тэмцэлдэж магадгүй. Juniors Өсвөр үеийнхэн элитийн эрэгтэйчүүдтэй нэг өдөр хурд шөрмөсөө сорино. 32 орны хөвгүүд, 29 орны охидын дунд хожим нэр алдраа дуурсгах олон шилдэг триатлончид байгаа нь эргэлзээгүй. Насанд хүрэгчдийн уралдах зайн тал хагаст өрсөлдөх тул нүд ирмэхийн зуурт барианд орж байх вий. Шинэ Зеландын Микайла Нильсен дэлхийн аварга цолоо хамгаалах, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын Тони Сморагевич амжилтаа ахиулахаар нь чармайх нь зүйн хэрэг. Пара триатлон 20 орны 100 гаруй пара триатлонч мэдүүлгээ ирүүлээд байгаа нь урьд өмнө дуулдаагүй их тоо гэнэ. Тэр ч байтугай 2011 онд Бээжинд болсон ДАШТ-ийнхээс даруй 25%-аар ахисан үзүүлэлт билээ. 2016 оны Риогийн наадмаас эхлэн уг төрөл паралимпийн гэр бүлд гишүүнчлэлтэй болох тул хөгжлийн бэрхшээлтэй тамирчид уг спортоор идэвхтэй хичээллэдэг болоод буй. Ноднин дөрвөн ангиллын хоёрт нь ялалт байгуулсан Их Британийн тэргэнцэртэй триатлончид энэ удаа ч шоволзох болов уу. Акуатлон ДАШТ акуатлоны төрлөөр аравдугаар сарын 17-нд хөшгөө нээж 753 тамирчин оролцсон. 1 км-т сэлж, дараа нь 5 км-д хөлийн хурдаа сорьсон тамирчдаас эрэгтэйд Лондон-2012 олимпийн наадамд триатлоноор оролцсон Словакийн Ричард Варга түрүүлжээ. Харин эмэгтэйд нутгийн Никки Самуэльс хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг алдалгүй өнгөлсөн. Age-group Триатлоны ДАШТ-ий шувтаргын гарааны сонирхогчдын ангилалд 3000 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ тоо бас л дээд амжилт тогтоох бололтой. Лав л Бээжин-2011 ДАШТ-ийхээс 1000 орчмоор давжээ. Тав, тав насны ялгаатайгаар уралдах энэхүү нүсэр уралдаан аравдугаар сарын 22-нд болсноор Оклэнд-2012 Триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ уралдаан өндөрлөнө. ITU Congress Киви нутагт болж буй энэхүү ДАШТ-ий үеэр хамгийн тэсвэр тэвчээртэй триатлончдын уралдаанаас гадна Олон улсын триатлоны холбооны ээлжит конгресс (ITU Congress) хуралдаж, 2012-2016 онд тус байгууллагыг удирдах шинэ бүрэлдэхүүнийг сонгох билээ. Мөн ITU-гийн комиссууд, тивийн салбар холбоодын уулзалт зөвлөгөөн болох юм. 2005 оноос тус байгууллагын гишүүнээр элсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Монголын триатлоны холбооны төлөөлөгчид уг арга хэмжээнүүдэд оролцохоор Шинэ Зеландыг зорьжээ. Ш.Буманбаяр
Shuud.mn
Сонин хачин