Үнэт эдлэлийн худалдаачид иргэдийг хохироож байна
2012-10-22

Стандарчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 30 гаруй дэлгүүр лангуунд ээлжит шалгалтыг энэ сарын 08-12-ны өдрүүдэд хийжээ. Шалгалтаар нийтдээ 1630 ширхэг алтан, 1270 ширхэг мөнгөн эдлэлийг сорьцын шинжилгээнд оруулсан байна. Эдгээрээс нийт 203 ширхэг алтан эдлэл байвал зохих 585 сорьцдоо хүрэхгүй 560,49-580,90 хүртэл сорьцтой байжээ. Эдгээр үнэт эдлэлүүд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн гэх боловч үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учраас хаана үйлдвэрлэгдэснийг тогтоох боломжгүй байна. Тэгэхээр энэхүү зөрчил нь Монголчууд Солонгосын үйлдвэрлэгчээс үнэт эдлэл худалдан авахдаа сайтар хяналт тавьж, зөв сонгож авахгүй байгаатай холбоотой гэнэ. Үнэт эдлэлийн худалдаа үйлчилгээнд удаа дараа давтан гарч байгаа дээрх зөрчил дутагдлыг таслан зогсоох үүднээс СХЗГ-аас Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.9.1. дэх заалтыг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ын 2.6 дахь заалтыг үндэслэн зохих сорьцын баталгаандаа хүрэхгүй байгаа дээрх эдлэлүүдэд 585 биш 375 сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулжээ. Мөн тус газрын мэдэгдэж байгаагаар цаашдаа дотоодын үйлдвэрлэгчдийн болон импортоор орж ирсэн сорьцын баталгаагүй эдлэлийг шалган, сорьц тогтоосны үндсэн дээр лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дарах болно. Энэ тэмдэг нь бүтээгдэхүүнд ямар нэгэн гэмтэл учруулахгүй, тод гардаг онцлогтой тул импортын алтан эдлэлд шошго зүйхгүй болсон байна. Хэрэглэгчид үнэт эдлэл худалдан авахдаа заавал үйлдвэрлэгчийн болон сорьцын хяналтын байгууллагын баталгааны тэмдэгтэй бүтээгдэхүүнийг сонгож авахаас гадна алтан эдлэл дээрх 585, мөнгөн эдлэл дээрх 925 гэсэн цифр нь сорьцын баталгааны тэмдэг биш бөгөөд тэрхүү цифрийг БНХАУ-д захын дэлгүүрт зарагдаж байдаг тул хэн ч, юун дээр ч дарсан байж болно гэдгийг тус газрын Сорьцын хяналтын хэлтсээс анхааруулж байна. Д,Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин