
Сүр дуулиан тарин АНУ-ын зүүн өмнөд мужуудыг дайрч буй хүчтэй хар салхи зүүн эргийн Нью-Жерси мужид тулж ирээд байна. Оройн 20.00 цагаас эхлэн усархаг бороо, хүчтэй шуурга хавсран гудамж талбайг бүрхээд байна. Одоогийн байдлаар Атланта хотод байдал нэлээд ширүүсэх төлөвтэй байгааг орчны цаг уурын хүрээлэнгээс дамжуулж байна.
Шуурга хүчээ авч Хойд Каролина мужийн 11 хотод гэрэл цахилгаан тасарсан бөгөөд тэдгээр хотуудад 2.2 сая хүн цахилгаангүй байсаар байна. Албаныхны өгсөн мэдээллээр шуурганд булгарсан модонд цохигдон нэг хүн нас баржээ. Харин шуурга эхэлсэн цагаасаа 60 гаруй хүний амь насыг аван одлоо.
Далайн түвшин 30 хувиар нэмэгдсэн. Энэ нь салхинд өртөөд байгаа нутаг тэр аяараа усанд автсан гэсэн үг. Далайн усны түвшин ийнхүү нэмэгдэж байгаа нь хар салхинаас гадна далайн түрлэгтэй холбоотой. Учир нь бүтэн сар гарч далайн түрлэг дээшилсэн аж.
Хотын оршин суугчдын ярьж буйгаар “Бид энэ нутагтаа 16 болон түүнээс дээш жил амьдарч байна. Хар салхи гамшгууд болдог байсан ч ийм аймшигтай хүчтэй хар салхитай нүүр тулгарч байсангүй.
Бид аюулгүй байдлаа чадах чинээгээрээ хангасан ч тэсч үлдэх эсэхээ үнэхээр мэдэхгүй байна. Нью-Жерсигийн хүмүүсийн ярьж байгаагаар тэнд бүх зүйл усанд автаж байгаа гэсэн, энэ бүхэнд итгэж чадахгүй нь ээ. Бурхандаа залбирах л үлдлээ” хэмээн ярьж байна.
Бүх нийтийн хөл хорио

Гамшгийн бүсэд нийтдээ 60 гаруй сая хүн бий. Хар салхи энэ бүс нутгийг орхин гартал бүх нийтийн хөл хорио тогтоогоод байна. Тиймээс аврах албаныхан болоод, тусламж үйлчилгээ үзүүлэх багийнхнаас бусад бүх төрлийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг албан байгууллагууд үүдээ барьсан байгаа.
Орон нутгийн засаг захиргаа иргэдэд байнгын сануулга өгсөөр, анхаарал болгоомжтой байхыг цаг тутам сануулж байна. Хар салхины улмаас бүх төрлийн зам харилцаа хаагдаад 12 цаг өнгөрч байгаа. Хотын захиргаанаас аль болох аюулгүй болгосон гэж хичээж байгаа хэт нам дор газарт 40 мянган айл оршин сууж байгаа.
Энэ нь хамгийн түрүүнд усанд живэх магадлалтай юм. Тиймээс ойрлцоох аюулаас ангид бүс нутгууд руу нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байна.
Урьдчилан таамаглаж буйгаар хот тэр чигтээ живэхгүй ч гэсэн байшингуудын нэгдүгээр давхрууд усанд автах нь тодорхой юм байна. Түүнчлэн хөрсний гулгалт үүсч болзошгүй байна.
Хөл хорионд ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлууд ч зогсоод байна.
Ерөнхийлөгч Обама харин энэ өдрүүдэд нэлээд ачаалалтай ажиллах бөгөөд ард иргэддээ хандан “Зааврын дагуу байх хэрэгтэй. Хэрэв нүүх хэрэгтэй гэвэл гамшгийн бүсийг үтэр түргэн орхих хэрэгтэй”-г санууллаа.
Урьд хожид болоогүй хар салхи

АНУ-д ийм хэмжээний хүчтэй хар салхи 1960 оноос хойш болоогүй. Хар салхи судлалын үндэсний төвийн гаргасан харьцуулсан судалгаагаар 1938 онд болсон хар салхи 946 миллбар буюу 240 км цаг хүрч шуурч байжээ.
Сэнди хар салхи ч тэр хэмжээнд хүрэх магадлал их байгаа аж.
Гамшиг дагуудсан хар салхинууд тодорхой хэмжээний давтамжтай бөгөөд ойролцоогоор долоон жилийн давтамжтай их хэмжээний гамшиг тарьдаг болохыг тогтоожээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө АНУ-д Катарина болон Торнадо хэмээх хар салхи шуурч багагүй хохирол учруулж байсан.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ