Хүүхдүүд цагдаатай хамтран PC тоглоомын газруудад шалгалт хийлээ
2012-11-01

БШУ-ны сайдын тушаалаар “Хүүхдийг интернетийн аюулаас хамгаалах аян” өрнөж байна. Аяны эхний арга хэмжээ өнөөдөр дунд сургуулийн сурагчид цагдаа нартай хамтарч интернет, тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийснээр эхэллээ.

СБД-ийн 16-р сургуулийн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 12 сурагч сургуулийнхаа ойр орчмын 8 газраар оров. Тэд нийслэлийн цагдаагийн газраас гаргасан санамжийг өгсөнөөс гадна бага насны хүүхдийг олон цагаар тоглуулж байгаа, интернетийн зохистой хэрэглээ ямар түвшинд байгааг шалгасан юм.

Энэхүү гэнэтийн шалгалтыг дунд сургуулийн сурагчдаар хийлгэж байгаа нь тэдний өөрсдийнх нь оролцоотойгоор интернет, комьпютер тоглоомын зохисгүй хэрэглээний хор уршгийн талаар ойлголттой болгох зорилготой юм байна. “Хүүхдийг интернетийн аюулаас хамгаалах аян”-ы дараагийн ажил нь интернетийн зохистой хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина гэв.

Хууль батлагдаж хэрэгжсэнээр хүүхдүүд гэрээсээ болон интернет кафегаар үйлчлүүлэхдээ хууль бус программ хэрэглэх, садар самууныг сурталчилсан сайтуудад нэвтрэх, вирус тараах, хориотой, дуу, дүрс татаж авах боломжгүй болох юм байна.

Харин хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах техникийн шийдлийг БШУЯ мөн судалж байгаагаа хэлсэн юм. Өнөөдрөөс эхлэн 12 сарын 25 хүртэл үргэлжлэх аяны үр дүнд дээрх хуулийн төсөл болон техник шийдлүүд бэлэн болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Н.Бүжин

Shuud.mn
Сонин хачин