Ерөнхий сайд С.Батболд: Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох нь чухал
2010-12-22

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Мөнгөн угалз” шилдэг сэтгүүлчдийн сүлд модны наадам 2010 оны 12-р сарын 21-нд боллоо. Тус хүрээлэн уншигч, сонсогч, үзэгч, хэрэглэгчдийн дунд явуулсан бүтэн жилийн судалгааны дүнд үндэслэн шилдэг телевиз, сонин, сэтгүүл, цахим мэдээллийн хуудсыг шалгаруулдаг уламжлалтай.

“Мөнгөн угалз” сүлд модны наадмын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ Хэвлэл мэдээллийн салбарт эрүүл өрсөлдөөнийг хөгжүүлж, олон ургальч үзэл бодлыг уралдуулах бодит боломжийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох нь чухал. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч сэтгүүлчдийн мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахад бэлэн байгаагаа  илэрхийлээд улс орны хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулахын тулд Та бүхний гаргаж байгаа аливаа санал, санаачилга, зөв шүүмжлэлийг ажилдаа тусган ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, өнөөгийн байдлаар манай улсад 400 гаруй сонин, сэтгүүл, радио, телевиз олон түмнийг мэдээллээр хангаж байна.

Ц.Батука
Shuud.mn
Сонин хачин