Катар, Саудын Арабын туршлагаас судалжээ
2011-11-02

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2012-2016 онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулж, 2011 оны 11 дүгээр сарын 1-нд Нээлттэй нийгэм форум-д төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг тэргүүлэх чиглэлийн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудын дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай макро-эдийн засаг болон салбаруудын харилцан уялдаа бүхий багц бодлого, арга хэмжээг боловсруулах явдал юм. Тус хороо нь тэргүүлэх чиглэлийн төслийг боловсруулахдаа Тэргүүлэх чиглэлийг боловсруулах нийтлэг арга зүйг онолын хувьд судлахаас гадна Үндэсний хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа дэлхийн бусад орны туршлагыг судалж үзсэн байна. Тухайлбал, Малайз, Вотсван, Казахстан, Катар, Саудын Араб зэрэг орны дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө, түүнийг боловсруулж байгаа арга зүйг судалжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Оюун, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн асан А.Бакей, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Ж.Үнэнбат, ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол зэрэг хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо.
Shuud.mn
Сонин хачин