Та хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ?
2011-11-03

МҮЭХ, МАОЭНХ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, “Хөдөлмөр” сонин  зэрэг байгууллагуудтай хамтран “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдааныг  улсын хэмжээнд зарлаад байна. Уралдааны гол зорилго нь “Нийгмийн хариуцлага”-тай үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг олон нийтэд сурталчлах, бизнесийн төдийгүй төр, төрийн өмчийн оролцоот бүхий л байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан ISO 26000-2010 зөвлөмжийн дагуу ажилладаг болоход нөлөөлөх, нийгмийн хариуцлагатай байгууллагын тоог нэмэгдүүлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Татварын алба нь улс, орон нутгийн төсөвт таны өөрөө тодорхойлж, төлсөн татвар нь таны нийгмийн хариуцлагын түвшинг тодорхойлно хэмээн үздэг бөгөөд таны төлсөн татвар өнөөдрийн Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Тэрчлэн нийгмийн хариуцлагатай байгууллагыг олон нийтэд сурталчлах, хөхиүлэн дэмжих энэхүү ажлыг хамтрагч талууд жил бүр уламжлал болгон явуулахаар болжээ. Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг, түүнийгээ үнэлүүлэхийг эрмэлздэг төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг уралдааны комисст ирүүлж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлуулах, бусаддаа үлгэр дууриалал болох боломжтой гэж зохион байгуулагч талууд үзэж байгаа аж. Уралдааны болзол нь: Байгууллагын нийгмийн хариуцлага нь зөвхөн уул уурхайн болоод өндөр ашиг орлоготой компаниудад хамаардаг асуудал биш, төр, хувийн хэвшил, том, жижиг бүхий л байгууллагуудын үйл хэрэг байх учиртайг өндөр хөгжилтэй төдийгүй буурай хөгжилтэй улс орнууд ч хүлээн зөвшөөрч бүх нийтийн үйл хэрэг болгож байна. Тиймээс Олон улсын стандартын Хороо ISO 26000:2010  “Нийгмийн хариуцлагын зөвлөмж” -ийг батлан гаргасан байдаг. /Энэ зөвлөмжийг 90 гаруй орны хэрэглэгч, төр, ажиллагчид, эзэд, төрийн бус байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг хамарсан олон улсын болон орон нутгийн 40 гаруй байгууллагын шинжээч, судлаачид боловсруулж гаргасан бөгөөд 94 орны 400 гаруй шинжээч, 200 гаруй ажиглагчид оролцжээ./ Нийгмийн хариуцлагаараа “брэнд” болох нь тухайн байгууллагын дотоод асуудал ч “Нийгмийн хариуцлага”-аа ухамсарлан жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, нийтэд мэдээлснээр Танай байгууллагын нэр хүнд, бүтээгдэхүүн, үйлчилгээ тань олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, түншүүд, хэрэглэгчид, ажилтнууд тань Танай байгууллагад улам итгэлтэй, сэтгэл хангалуун байх болно. Ард түмний аж амьдрал нь элбэг хангалуун, хүмүүс нь аз жаргалтай, амьдралын чанар нь байнга өсөн дээшлэж байх нь улс орны хөгжлийн гол хэмжүүр юм. Хөдөлмөр эрхэлж буй 1.0 сая хүн нь хөдөлмөрийн таатай нөхцөлд илүү өндөр бүтээмжтэй, илүү сайн хөдөлмөрлөх урам зоригтой, үнэлэмж сайтай, өндөр орлоготой байж 740 мянган өрхийн аж амьдралыг хүний дайтай авч явж гэмээ нь Монгол улсын 2.8 сая иргэн нийтээрээ чинээлэг, чанартай амьдрах болно. Энэ бүхнийг иш үндэс болгон МҮЭХ, “Хөдөлмөр” сонин “Байгууллагын нийгмийн хариуцлагын зөвлөмж” ISO 26000 олон улсын стандартыг нутагшуулахыг төр, хувийн хэвшлийн нийт байгууллагууддаа уриалан нийгмийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг хөндлөнгийн шинжээчид, түншлэгч талууд МАОЭНХ, Засгийн газрын байгууллагууд, МҮХАҮТ, ХЭҮК зэрэг олон нийтийн байгууллагууд болон олон нийтийн санаа бодлыг тусгасан нийгмийн хөндлөнгийн хяналтыг Монгол улсад эхлүүлж “Нийгмийн хариуцлагатай” байгууллагыг шалгаруулах гэж байна. “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдаанд нэрээ дэвшүүлэх нь  Танай байгууллагын нэр хүндийг өргөх, бусдад үлгэрлэх, бусдаас суралцах боломжийг олгох бөгөөд  “Нийгмийн аудит”–ын зөвлөл /эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий/ байгууллага бүрийн тайланд шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэх учир Танай байгууллага нийгмийн хариуцлагаа цаашид улам илүү сайжруулахад хувь нэмэр болох нь дамжиггүй гэж уралдааныг санаачлагчид үзэж байгаа аж.    
Shuud.mn
Сонин хачин