Т.Очирхүү: Парисын клуб ”Монгол улс өртэй” гэж зарласан бол манай улсын зээлжих зэрэглэл буурах байсан
2010-12-23

"Улаанбаатар төмөр зам" Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүүг "Ярилцах танхим"-даа урилаа.

- "Монгол Улс ОХУ-д төлөх байсан их өрөөс 3.8 сая ам.доллар л төлөх боллоо” гэж холбогдох албаныхан мэдэгдсэн. Харин үүнийг зарим ажиглагч “Оросуудтай орд газраар наймаалцчих шиг боллоо” хэмээн дүгнэж байна. Сангийн дэд сайд байхдаа их өрийн үлдэгдлийг шийдвэрлэх Монголын талын ажлын хэсэгт ажиллаж байсны хувьд та энэ талаар ямар тайлбар хийх вэ? - Орд газраар наймаалцсан гэдэг бол худлаа. Тэгээд ч энэ талаар ний нуугүй хэлэх цаг болсон гэж би бодож байна. “Монгол Улс ОХУ-д төлөх ёстой их өрийг 2003 онд бүрмөсөн тэглэсэн” гэж монголчууд маань бодож байсан. Миний хувьд ч мөн адил. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр, төмөр замын өр үгүй болчихоод байхад “Монросцветмет”-ийнх яагаад үлдчихэж байгаа юм бэ гэдэг асуудал гарна аа даа. Бид ингэж л гайхаж хүлээн авч байсан. Би Засгийн газрыг төлөөлж, ОХУ-ын Сангийн сайд А.Кудринтай анх 2009 оны хавар уулзсан. Тэгэхэд А.Кудрин сайд энэ асуудлын талаар надад ингэж хэлсэн. “Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, төмөр замын өрийг балансаас хаслаа” гэж 2003 онд бичсэн байна. Харин “Монросцветмет”-ийн өрийн талаар зохицуулалт хийнэ гэж оросоор тэмдэглэсэн байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, зохицуулах, хасах гэсэн хоёр өөр утгатайгаар бичсэн юм билээ. Тухайн үед А.Кудрин сайд “Очирхүү дэд сайд аа, танай улсын Засгийн газарт би саналаа шууд хэлье. Энэ асуудлыг 70:30-аар зохицуулъя” гэж хэлсэн. Тэгэхэд тэрбээр надад  “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэгдүүлэх 250 сая ам.долларыг манай улс төсөвтөө тусгачихсан шүү. Та нар аваарай” гэж хэлсэн. Гэхдээ ямар ч үр дүн гараагүй.

- Харин та ямар байр суурьтай байсан бэ? - "Уучлаарай, манай улс энэ асуудлыг эцэслэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, бидэнд өр байхгүй. "Хамтарсан үйлдвэрүүдийн асуудлыг адил тэгш шийдчихсэн" гэсэн атлаа “Монросцветмет”-ийг яагаад авч үлдсэн гээд байгаа юм бэ. Таны үгийг Монголынхоо удирдлагад уламжилья. Түүнээс биш тантай энэ талаар ямар нэгэн хэлэлцүүлэг хийж, асуулт, хариулт явуулах эрх надад байхгүй" гэсэн. А.Кудрин сайд ч “За, тэгвэл цаадуулдаа хэлээрэй” гэж билээ.

- Таныг Москвад хоёр ч удаа очиж, оросуудтай хэлэлцээр хийсэн гэдэг. Тэд яг юун дээр гэдийчихээд байсан юм бэ? - Сангийн сайд А.Кудринтай уулзсанаас хойш нэлээд хугацааны дараа би ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкинтай уулзсан юм. Гэвч бид бас л маргалдсан. “Үгүй ээ, ийм зүйл байхгүй” гэхмэтчилэн санал зөрөлдөх зүйлс тэр үед зөндөө байлаа. Ер нь түвэгтэй асуудал их байсан шүү. Түүний дараахан Сангийн сайд С.Баярцогт, ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин нар ярилцаж их сонин хувилбар дэвшүүлсэн юм. Гэвч тэрхүү хувилбараар шийдсэнгүй, их өрийг шийдэх зарчмаар зохицуулалт хийлээ. Товчхондоо, 97.8 хувь ба 2.2 хувь гэж. Би үүнийг их зөв гарц гэж үзэж байна.

- Ерөнхийлөгч Д.Медведевийг өнгөрсөн жил Монголд айлчлахаас өмнөхөн тус улсын Сангийн дэд сайд Д.Панкин “Монголчууд их өрийнхөө үлдэгдлийг төлөхгүй бол Парисын клубт хандана” гэж мэдэгдсэн. Гэвч оросууд энэ тухай яагаад дахин хөндөөгүй юм бол? - Хамгийн түвэгтэй нь оросууд Олон улсын валютын сан, Парисын клуб зэрэг санхүүгийн бүх байгууллагад “Монгол Улс ОХУ-д өртэй” гэж мэдэгдчихээд байсан. Тиймээс Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгч надтай уулзаж “Дөрөв, тав дахь үнэлгээн дээр Оросын талын захирал хориг тавих гээд байна. Танай улсын хувьд байдал хүндэрлээ” гэсэн. Үүний дараахан тус сангийн төлөөлөл ирэхэд С.Баярцогт сайд бид хоёр маш их ярьж, тайлбарлаж өгсөн. Бид тус тусдаа маш олон цаг уулзсан.Олон ч удаа уулзаж ярилцсан л даа. Олон улсын валютын сангийнханд сайн ойлгуулсан учраас тэд Оросын талтай ярилцаж хориг тавих, Парисын клубт гомдол гаргах байсныг нь болиулсан болов уу гэж бодсон. Бидэнд олон бэрхшээл тулгарч байсан ч оросууд нөхцөл байдлыг сайн ойлгосонд бид талархаж байлаа.

- Оросууд Парисын клубт гомдол гаргасан бол Монгол Улс олон улсын өмнө ямар хариуцлага хүлээх байв? - Тухайн үед “Монголын их өртэй холбоотой сэдвийг Парисын клубээр хоёр дахь асуудал болгон хэлэлцэнэ” гэж ярьж байлаа. Гэхдээ энэ талаар олон нийтэд ил зарлаагүй. Хэрэв Парисын клуб “Монгол Улс өртэй” гээд ил зарлачихсан бол манай улсын рейтинг, зээлжих зэрэглэл шууд унах байсан. Засгийн газрын ирээдүй ч бүрхэг болох байв. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт, Засгийн газрын бонд, ер нь бүх зүйлийн өртөг өсч “Монголын Засгийн газар өртэй атлаа өрөө төлдөггүй” гэсэн ангилалд орох байсан юм. Олон улсын нэр хүндтэй байгууллагынхан тухайн орныг “Энэ улс их хэмжээний өртэй. Өрөө төлөлгүй маргаан үүсгэчихээд байна” гэж нийтэд зарлах юм бол тухайн орны нэр хүнд олон улсад унахын сацуу компаниудынх нь зээлжих зэрэглэл бас буурдаг. Ер нь их хор хохиролтой. Ийм хүнд үеийг давсандаа бид маш их баяртай байлаа. Одоо манай улсын зээлжих зэрэглэл ч өсч байна. Монгол, Оросын эдийн засгийн харилцаанд тулгарсан бэрхшээл ч багаслаа. Миний хувьд, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дагаж 2003 онд их өрийг тэглэхэд Москвад байсан. Харин энэ удаад үлдэгдэл өрийг шийдвэрлэхэд Сангийн яамныхантайгаа хамтран ажиллалаа. Үүнээс гадна ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин, дэд сайд Д.Панкин нар Монголын өрийн асуудлыг нэг тийш нь шийдэх гэж маш их хичээсэн. Тэр хоёрыг чиглүүлж “Үүнийг шийдэх ёстой шүү” гэж шахсан гол хүн нь тус улсын Тээврийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга И.Левитин гэж би боддог юм. Гэхдээ эцсийн цэгийг Ерөнхий сайд нар л тавьсан шүү дээ.Өрийн үлдэгдлийн талаар шийдвэрлэхээс өмнөхөн буюу Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үед тус улсын Гадаад харилцааны яамны ажилтан Азизов надад “Манай кабинет өрийн талаар шийдвэр гаргаагүй байгаа” гэлээ. “Яагаад” гэсэн чинь “Ямар ч байсан хоёр улсын Ерөнхий сайд нар уулзахдаа эцэслэн шийдвэрлэчих байх” гэсэн юм. Үнэхээр ч Ерөнхий сайд С.Батболд В.Путинтэй ганцаарчлан уулзах үед В.Путин кабинетынхаа шийдвэрийг хэлсэн. С.Батболд сайд бас сонин хувь тавилантай хүн шүү. Н.Энхбаяр, М.Касъянов хоёрыг 2003 онд муудалцчихаад байхад 15-хан минут уулзуулж, их өрд эцсийн цэг тавиулж байсан юм. Харин 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд өөрөө В.Путинтэй өрийн үлдэгдэлд цэг тавьж байдаг. Сонин байгаа биз. Монголын талаас энэ асуудлыг шийдэхэд Сангийн сайд С.Баярцогт, тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Д.Ангар, Засгийн газрын референт Б.Буяндэлгэр нар чухал үүрэг гүйцэтгэлээ.

- Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр хоёр тал хэлэлцэх асуудал ихтэй байсан ч Засгийн газрын тэргүүнүүдийн ганцаарчилсан уулзалтын үр дүнг хүлээж байгаа нь илт байсан. Төмөр замын Ерөнхий хороо хуралдах эсэх ч гэсэн их өрийн үлдэгдлийг хэрхэн шийдэхээс шалтгаалж байв уу? - Тийм.

- Хэрэв талууд ойлголцоогүй бол… Ийм төсөөлөл танд төрж байна уу? - Уран, төмөр зам, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарын асуудлаа шийдэж чадахгүй. Өрийн асуудлыг шийдэж чадаагүй бол ийм л нөхцөл байдалтай тулгарах байсан. А.Кудрин сайд ч энэ тухай маш ойлгомжтой хэлсэн. Түүнийгээ С.Баярцогт сайдад бас хэлж байсан юм билээ. “Үүнийг шийдэхгүйгээр санхүүгийн салбарын хамтын ажиллагаа урагшлахгүй байна. Хуулиараа хориотой. Тиймээс нэг мөр цэгцэлж байж ярьж буй бүх ажил урагшилна” гэж. И.Левитин сайд ч үүнийг анзаарч “Өрийн үлдэгдлийг шийдэхгүйгээр Орос, Монголын Засгийн газар хооронд хэлэлцэж буй бүх юм бүтэхгүй байна” гэж байсан

- Стратегийн орд газруудад түшиглэн барих төмөр замын ажилд оросууд давуу эрхтэй оролцох ч “Олон улсын багтай хамтран ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдсэн. Ер нь хойд хөрш шинэ төмөр замын ажилд хэр хэмжээний хөрөнгө оруулах бол? - Мэдээж хэрэг, их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй нь тодорхой. Нийт 1000 гаруй километр урт төмөр зам барих ёстой. ОХУ-ын Засгийн газар мэргэжилтнүүдээр судалгаа хийлгэсэн юм байна лээ. Үүнд Монголын мэргэжилтнүүд ч оролцсон. Миний хувьд, энэ талаарх зарим мэдээлэл байгаа ч хариулахад төдий л тохиромжтой бус байна.

- УИХ-ын гишүүд өнгөрсөн хавар, зуны туршид төмөр замыг өргөн, нарийн царигтай барих эсэхээр мэтгэлцсэн ч өргөн цариг дээр тогтсон. Гэтэл оросууд “Нарийн царигтай төмөр зам барьж эхэлнэ” гэх мэдээлэл цацагдах болсон нь олон нийтэд эргэлзээ төрүүллээ? - Өргөн царигт түшиглэж л үйл ажиллагаа явуулж таарна. Түүнээс бус өөр сонголт байхгүй. Гэхдээ хос төмөр зам барих бэлэн төсөл манай улсад бий. “Улаанбаатар төмөр зам”-ын мэргэжилтнүүд ч судалгаа хийсэн байдаг. Монгол Улс  ахиухан орлого олъё гэвэл хос төмөр зам тавих шаардлагатай.

- Оросууд төмөр зам тавина гэдэг нь Транссибирийн төмөр замын сүлжээг Монголтой холбоно гэсэн үг үү? - Тийм ээ, Алс дорнод буюу Транссибирийн төмөр замын сүлжээний зүүн хэсэгтэй Монголын төмөр зам холбогдоно. Владивосток дахь боомт руу ачаа тээвэрлэх ажлыг Засгийн газрын түвшинд судалж байна. Зураг төслийн ажил ч мөн ялгаагүй судалгааны шатанд яваа.Нарийвчилсан ажлуудыг арай хийж эхлээгүй байна.

- Монгол, Оросын Засгийн газар “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэхээр тохиролцлоо. Гэвч ОХУ тус нийгэмлэгт зээл олгохгүй гэсэн нь ямар учиртай юм бэ? - "Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт Москва хотноо хуралдсан. Уг хурлын үеэр тус нийгэмлэгийн санхүү, эдийн засгийн асуудлыг хөндлөө. Харин дүрмийн сантай холбоотой сэдвийг Монгол болон ОХУ-ын Ерөнхий сайд, Сангийн сайд, зам, тээврийн салбар хариуцсан сайд нарын түвшинд хэлэлцэж, зарчмын шинж чанартай тохиролцоонд хүрсэн. Тус нийгэмлэгийн санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учраас хоёр улсын Засгийн газар дүрмийн санг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь “Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн чадварыг сайжруулах арга юм. Дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэх тухайд нэлээд эрт тохиролцсон л доо. Нэг ёсондоо хувь нийлүүлэгчид тус бүр 125 сая ам.доллар оруулахаар ярилцаж байсан. Хэдийгээр оросууд “Монголын тал санхүүгийн боломж муутай байгаа учраас зээл ав” гэж санал болгосон ч зээлийн нөхцөл нь манайд тохирохгүй, үр ашиг муутай байснаас аваагүй юм. Харин Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэр В.Путин сайд “Монголчууд аа, та бүхэн дүрмийн сангийнхаа 50 хувийг хэрхэн бүрдүүлэхээ өөрсдөө мэд. Бид “Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санд нийлүүлэх 125 сая ам.доллараа өглөө” хэмээн мэдэгдсэн. Монголын тал тус нийгэмлэг дэх 50 хувиа барихын тулд 125 сая ам.доллар гаргах нь гаргана л даа. Гэвч хэзээ яаж гаргах нь жич асуудал болоод байна.

- Төмөр замын салбарын зарим удирдлага “Улаанбаатар төмөр зам” 200 тэрбум төгрөгийн өртэй” гэж байсан. Өрийн асуудлаа яаж шийдэх вэ? - Арай ч 200 тэрбум биш ээ. Гэхдээ төлж л таарна. Өрийн зарим хэсгийг төлж эхэлсэн. Харин дахин өр тавих бололцоо бий юү гэвэл байхгүй. Нөхцөл байдал ийм л байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Shuud.mn
Сонин хачин