Турк дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах асуудлаар зөвлөлдөв
2012-12-03

Монгол Улс, БНТУ-ын Гадаад харилцааны яамдын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 30-нд Анкарад болж, монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Туркийн талын төлөөлөгчдийг Түркийн ГХЯ-ны Консулын Ерөнхий газрын Ерөнхий захирал, элчин сайд С.Факылы нар тэргүүлэн оролцов. Уулзалтын эхэнд 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Туркийн Гадаад хэргийн сайд А.Давутоглу-г оролцохыг урьсан Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгын хувийг туркийн талд гардуулав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал,  консулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, хоёр талын иргэд харилцан зорчих нөхцөл, Туркийн иргэдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх, Туркт байгаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Хоёр тал Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын эрүү, иргэн, аж ахуйн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, хоёр талын иргэдийн талаарх статистик мэдээ солилцлоо. Зөвлөлдөх уулзалтын дараа манай төлөөлөгчид Туркийн Цагдаагийн Ерөнхий газрын Боомт, цагаачлал, гадаадын иргэний асуудлыг эрхлэх газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Турк дэх төлөөлөгчийн газарт тус тус уулзалт хийж, Турк дэх Монгол иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах асуудлаар ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Манай төлөөлөгчид Истанбул хотод ажиллаж, тэнд ажиллаж, амьдарч буй Монгол иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэдэд мэдээлэл өгч, санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Истанбул дахь Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, Турк иргэдэд виз олгох ажилллагааг хөнгөвчлөх зорилгоор 2013 онд Истанбул хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах асуудлыг холбогдох түвшинд хэлэлцэж байгаа юм Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин