Кремлийг дэлбэлэх Наполеоны тушаал 187 мянган еврогийн үнэ хүрчээ

img

1812 оны дайны үеийн нэгэн ховор баримт бичиг болох Наполеон Бонапартын бичсэн захидал Парис хотын ойролцоо орших Фонтенбло хотод дуудлагаар худалдаалагджээ. Тэр захидалд Наполеон Москвагийн Кремлийг дэлбэлэх шийдвэр гаргаснаа мэдээлсэн аж. Францын Эзэн хааны гаргасан шийдвэр бүхий захидал анхлан дуудсан үнээсээ даруй арав дахин их үнээр буюу 187.5 мянган еврогоор зарагдсан байна. Захидлыг 1812 оны 10 дугаар сарын 20-нд бичсэн бөгөөд тэр үед Наполеоны удирдсан их цэрэг Москва хотыг түйвээгээд ухарсан билээ. Тэр захидал дотор “22-ны өглөөний 03 цагт би Кремлийг дэлбэлэх болно” гэж бичсэн байв. Захидал дайсны гарт орж магадгүй гээд түүнийг тусгай тоон кодоор бичжээ. Кремлийг дэлбэлэх тушаалыг Москва хотод цөөн тооны цэрэгтэй үлдсэн маршал Мортьед өгсөн байна. Мань хүн захидлыг авсан даруйдаа Кремлийн хана хэрэм болон барилгуудыг минжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч тэсрэх бодис гинжин урвалаар дэлбэрсэнгүй. Зарим нэг газарт дэлбэрэлт болоогүй юм. Гэхдээ л Кремлийн ханыг энд тэнд нь тэсэлж чаджээ. Дэлбэлж, сүйдэлсэн гурван цамхаг болон хананы хэсэг, зарим нэг барилгуудыг сэргээн засварлахад 20 гаруй жилийг зарцуулсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ