
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадад хандан химийн зэвсэг ашиглахгүй байхыг сануулжээ. Тэрээр “Дэлхий дахинд хориотой энэхүү зэвсгийг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” хэмээн сануулсан байна. Харин энэ сануулгын хариуд Сирийн албаныхан “Химийн зэвсгийг хэрэглэх шаардлага тулгарахгүй бол хэрэглэхгүй” хэмээн мэдэгджээ. Энэ нь хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэх болно хэмээн хэлсэнтэй ялгаагүй хэмээн шинжээчид хэлж байна.
Харин энэ зуурт НҮБ онцын шаардлагагүй гэж үзсэн олон улсын байгууллагуудыг Сирээс гаргахаар болсныг мэдэгдсэн юм. Тиймээс энэ долоо хоногт багтаан Сирээс 100 орчим олон улсын шинжтэй байгууллагуудыг гаргахаар болоод байна. Эдгээр байгууллагуудад ихэвчлэн хүмүүнлэгийн байгууллага хамрагддаг аж.
Ерөнхийлөгч Обама химийн зэвсэг хэрэглэхийн хор уршиг, дагуулах хохирол ямар их болохыг сурталчлан таниулах, энэ зэвсгийг аль болох түгээхгүй байх талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг үүрэг болгожээ.
Мөн тэрээр “Сири, Ливанд байгаа химийн зэвсгийг хэрэглүүлэхгүйн тулд түүнийг дэлгэрүүлэхгүй байхад анхааран ажиллана” гэв. Түүнчлэн тэрээр “Бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа ухамсарт хүмүүсийн үүднээс хандан энэ аймшигтай зэвсгийг хэрэлэхгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломж байгаа” гэдгийг бас цохон тэмдэглэсэн байна.
Сирийн зүгээс ч химийн зэвсэг хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв хэрэглэхэд хүрсэн тохиолдолд өөрийн орны босогчдын эсрэг хэрэглэх хандлагатай байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ