Химийн зэвсэг, пуужин бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
2012-12-10

Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийн анхаарлын төвд байсан үйл явдлуудын тоймоос хүргэж байна. Дайн байлдааны ширүүхэн гал дүрэлзэж байгаа Сири улс хоёр ч удаа дэлхий нийтээс анхааруулга сануулга авсан. Босогчдынхоо эсрэг химийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдсэн Сири улсын засгийн газарт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон, НАТО-гоос химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хатуухан хариу арга хэмжээ авна хэмээн сануулсан юм. Мөн Египетийн бослого үймээний асуудал халуухан сэдвүүдийн нэг байсан. Ерөнхийлөгч Мохамед Мурси өнгөрсөн бямба гаригт сөрөг хүчнийхэнтэй уулзсан уулзалт  зэрэг сонирхолтой улс төрийн үйл явдлуудаар  баялаг долоо хоног байлаа. Хойд Солонгос пуужин хөөргөхөө албан ёсоор мэдэгдэв БНАСАУ энэ сарын 10-22-ны хооронд аль нэг өдөр өглөөний 07-12 цагийн хооронд “Sohae” станцаас алсын зайн гурван үе шаттай тив хоорондын баллистик пуужин хөөргөх гэж байгаагаа албан ёсоор мэдээлсэн. Пуужин Хятад болон Солонгосын хойгийн хоорондох далай дээгүүр нисч, эхний шатны пуужингаа далайд унагаад, цааш Японы Окинава арал дээгүүр нисч өнгөрнө хэмээн тооцоолоод байгаа юм. Хойд Солонгосын зүгээс энэхүү пуужин хөөргөх ажиллагааг энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж байгаа ч энэ мэдээ дэлхий дахинд түгшүүр төрүүлж буй. Тиймээс уг асуудалтай холбогдуулан БНХАУ, АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгосын тал уг асуудлыг хэлэлцэхээр өнгөрөгч долоо хоногт Сөүл хотноо яаралтай уулзалт хийсэн юм. Хятадын тал БНАСАУ сансарт энхийн зориулалттай пуужин хөөргөх эрхтэй ч НҮБ-аас гаргасан баллистик пуужин хөөргөх хоригийг биелүүлэх шаардлагатай гэсэн бол Японы зүгээс Умард Солонгосын хөөргөх алсын зайн пуужин тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд угтуулан пуужин хөөргөж устгахаар төлөвлөж, Окинава аралд газар-агаарын ангиллын пуужин байрлуулж эхэлсэн тухайгаа мөн хэлсэн. Мөн ОХУ-ын зүгээс ч Хойд Солонгосын пуужин хөөргөх ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, НҮБ-ын баллистик пуужин хөөргөх хоригийг зөрчихгүй байхыг анхааруулж байгаа. Обама болон НАТО Сирид анхааруулга өгөв АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадад хандан химийн зэвсэг ашиглахгүй байхыг сануулсан. Тэрээр “Дэлхий дахинд хориотой энэхүү  зэвгийг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” хэмээн сануулсан юм. Харин энэ сануулгын хариуд Сирийн албаныхан “Химийн зэвсгийг хэрэглэх шаардлага тулгарахгүй бол хэрэглэхгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь хэрэглэх шаардлага гарсан тохиолдолд хэрэглэх болно хэмээн хэлсэнтэй ялгаагүй хэмээн шинжээчид хэлж байна. Ерөнхийлөгч Обама химийн зэвсэг хэрэглэхийн хор уршиг,  дагуулах хохирол  ямар их  болохыг сурталчилан таниулах,энэ зэвсгийг аль болох түгээхгүй байх талаар олон  нийтэд мэдээлэл өгөхийг үүрэг болгожээ. Сирийн зүгээс ч химийн зэвсэг хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв хэрлэхэд хүрсэн тохиолдолд өөрийн орны босогчдын эсрэг хэрэглэх хандлагатай байгаа аж. Мөн НАТО Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулаад, хэрэглэсэн тохиолдол гарвал олон улсын байгууллагын зүгээс хариу арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. НАТО-гийн анхааруулгыг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фох Расмуссен Брюссельд болсон Гадаад хэргийн сайдуудын уулзалтыг нээж үг хэлэхдээ “Химийн зэвсэг хэрэглэх нь дэлхийн аль ч үндэстний хувьд хориотой асуудал юм. Хэрвээ хэн нэгэн энэ аюултай зэвсгийг ашиглахад хүрвэл олон улсын байгууллагын зүгээс шууд хариу үйлдэл үзүүлнэ” хэмээжээ. Филиппинийг хар  салхи ниргэв Филиппиний нутгийн зүүн өмнөд бүсийг дайрсан Бофа хар салхины улмаас амиа алдагсдын тоо  аль хэдийнэ 600 давж хэдэн зуун гэмтэж бэртсэн гэсэн харамсалтай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгааг онцолж байна. Филиппиний иргэний хамгааллын төвөөс ирүүлсэн албан ёсны мэдээлэлд одоогийн байдлаар 600 хүн амь насаа алдсан гэсэн тооцоог гаргажээ. Нас барсан иргэдийн дийлэнх нь өмнөд мужийн Минданао хотын Компостела тосгоны оршин суугчид юм. Өмнөд мужууд гэрэл цахилгаангүй болохын сацуу зам тээврийн хөдөлгөөн нэг мөсөн зогссон байна. Гэсэн хэдий ч аврах эрж хайж ажиллагаагаа үргэлжлүүлсээр, сураггүй бологсдын эрэн хайх, лаг шавар намгийг цэвэрлэх болоод, унасан модод зэргийг замаас зайлуулах  ажлыг хийж байна. Цаг агаар муудаж эхэлсэн цагаас хойш гамшгийн бүсээс арван мянга орчим иргэд гэр орноо орхисон байна. Энэ хар салхи жилийнхээ ой дээр дахин энэ бүс нутгийг дахин дайрсан нь энэ юм. Жилийн өмнө Ваши хар салхинд цохигдон 1200 гаруй хүн амь насаа алдаж олон зуун хүн гэмтэж бэртэж байсан. НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэгээс тусламж илгээхээ мэдэгдээд байгаа.  Филиппинийг дайрсан хар салхи одоо тус нутгийг орхин Хятадын зүүн эргийг чиглэж байна. АНУ-д марихуан биедээ авч явахыг зөвшөөрөв Марихуан буюу канабисийн төрлийн ургамлыг хар тамхи хэмээн биедээ авч явах болон мансуурлын зориулалтаар ашиглахыг хориглодог. Харин АНУ-ын зарим мужуудад 21 нас  хүрсэн хэн ч  болов биедээ 28.4 грамм марихуан авч явахыг зөвшөөрч байгаагаа өнгөрөгч лхагва гаригт мэдэгдсэн. Гэхдээ олон нийтийн газарт татаж мансуурахыг хориотой хэвээр үлдээсэн. Энэ хуулийн төслийг сар  гаруйн өмнөөс хэлэлцэж эхэлсний үр дүнд ийнхүү зөвшөөрүүлж байгаа юм. Эхний байдлаар Вашингтон болон Колорадо хотуудад энэ хуулийн төслийг хэрэгжүүлж үзэхээр туршиж байгаа юм. 1998 оноос хойш марихуаныг эмийн зориулалтаар хэрэглэсээр ирсэн бөгөөд эмчийн зааврын дагуу эмийн жор байдлаар хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөөр иржээ. Мурси бүрэн эрхээ өргөжүүлэхээс татгалзав Өнгөрсөн сарын 22-ноос эхэлсэн Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурсиг эсэргүүцсэн болслого хөдөлгөөн улам бүр даамжирч Каир хотод иргэний дайны шинж бүрэлдэж байгаа талаар олон улсын шинжээчид хэлж байна. Ерөнхийлөгч Мохаммед Мурси өөрийн эрх мэдлийг өргөжүүлсэн зарлигаа цуцласан тухай Agence France Press мэдээлжээ. Мурси Египетийн улс төрийн хөдөлгөөний лидерүүдтэй уулзсаныхаа дараа буюу ням гаригт шилжих шөнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгыг хойшлуулах боломжийн талаар өмнө хэлж байснаасаа тэрээр татгалзан, арванхоёрдугаар сарын 15-нд товлосны дагуу санал хураалтыг явуулахаар болсон байна. Харин ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэргүүцэл өрнүүлж буй сөрөг хүчнийхэнтэй Мурсийг дэмжигчид  мөргөлдсөний улмаас тус орны улс төрийн хямрал улам хурцдаад байна. Хамгийн сүүлийн мэдээгээр “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний зарим хүмүүс “булаан эзлэгчидтэй”  тулаан хийхийг уриалсан боловч тус байгууллагын удирдлага үүнийг зөвшөөрөөгүй байна. Тэд ерөнхийлөгчийн ордны зэргэлдээ талбайд тайван жагсаал хийж, Мурсийг дэмждэгээ илэрхийлж байна. Хөдөлгөөний удирдагч нарын нэг, Каир хотын салбарын лидер Мухаммед аль-Бальтаги мэдэгдэхдээ “Хөдөлгөөний гишүүд амиа золиослон дэглэмийг хамгаалахад бэлэн” гэжээ.
Shuud.mn
Сонин хачин