Дамаскийн дүрвэгсдийн хуаран руу довтолжээ
2012-12-17

Сирийн нийслэл Дамаск хот дахь Палестины дүрвэгсдийн хуаран руу довтолжээ. Ингэхдээ агаараас довтолсон бөгөөд дайны онгоцоор бөмбөгдсөн байна. Их Британид төвтэй олон улсын хүний эрхийн байгууллагын Сири дэх ажиглалтын төвөөс өгсөн мэдээллээр найман хүн амь насаа алдсан,  харин хэдэн хүн шархадсан байгааг хараахан тогтоогоогүй байна гэсэн мэдээ ирүүлсэн байна. Бөмбөгдөлтөд өртсөн Аль-Ярмоук хуаранд Палестины болон Сирийн дайны галаас дүрвэж буй хүмүүс оршин сууж байсан юм. Энэ хуаранд ойролцоогоор 50 мянган хүн байгаа гэсэн багцаа дүн бий. Эдгээр хүмүүс босогчидын ч тал биш, засгийн газрынхны ч талд биш зөвхөн амар тайвныг эрэлхийлсэн иргэд байгаа юм. Энэ газраас өмнө ойролцоох лалын сүм рүү довтолж хэд хэдэн хүний амь насанд хүрсэн  хэрэг гарчээ. Эдгээр халдлагын дүрс бичлэгүүдийг сайтуудад байрлуулсан бөгөөд гудамжинд үхсэн хүмүүсийн цогцосууд хэд хэдээрээ хэвтэж байгаа дүрс байсан аж. Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа босогчдын хүч улам ихсэх хандлага гарч байгаа юм. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн улс төрийн ажиглагчид энэ дайнд Сирийн босогчид ялах магадлал өндөр байгааг хэлжэээ. Түүнчлэн зарим эх сурвалжууд Башар Аль-Ассадыг бууж өгсөн нь дээр хэмээж буй. Үүнээс өмнө Дамаск хотоос гадна, Алеппо болон нутгийн хойд хэсгийн хэд хэдэн дүрвэгсдийн хуаранд халдаж 100 орчим хүний  амь насыг хороож байсан юм. Ирэх оны зургадугаар сар гэхэд Сирээс 1.8 сая хүн  хөрш зэргэлдээх орнуудад дүрвэн гарна гэсэн тооцоо байна.   Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин