Хэвлэлийн эрх чөлөө уствал...
2012-12-19

Чөлөөт хэвлэлгүй байснаас Засгийн газаргүй байсан нь дээр... Хэвлэл мэдээллийн эзэд Монгол төрийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт мэдэгдэл хүргүүлжээ. МоАХ-тай ихэрлэн төрж, Монголд ардчилсан засаг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн эздийг юу төрийн өндөрлөгүүдэд шаардлага тавихад хүргэв гэсэн асуулт гарна. Хэвлэл мэдээллийн эзэд хэнээс ч гуйлгүйгээр ард түмэнд төрийг хянах тогтолцоог өөрсдийн олсон хэдэн төгрөгөөр бий болгосон. Тэд хэн нэгнийг хуурч, айлгаж мөнгө босгодоггүй. Тэдний мөнгө зөвхөн сайн дурын үндсэн дээр босдгоороо бусад бизнесийн салбаруудаас ялгаатай. Мэдээллийн бизнес нь хамгийн их эрсдэл дагуулсан бизнес гэж үздэг. Мэдээ гэдэг нь шударга ёсыг хамгаалж төрийг шударга байлгахыг эрмэлзсэн хэдхэн өгүүлбэр. Түүнийг нь ард түмэн өдөр шөнөгүй нэхнэ. Харин төр байнга хавчиж, хяхаж хаахыг оролдоно. Ардчилсан бус орнуудад сэтгүүлчийн мэргэжил хамгийн аюултайд тооцогдоно. Сэтгүүлчдийн аллагаар манай хойт хөрш дэлхийд тэргүүлж байна. Энэрэнгүй, хүнлэг, шударга төр гэж байдаггүй гэнэ. Эрх мэдэл нэмэгдэх тусам хүн гэдэг амьтан гэдийж эхэлдэг. Төрийн гэдгэрийг хянах ганц арга л хүн төрөлхтөн өнөөдөртөө олсон байна. Тэр нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө. АНУ-ын Үндсэн хуульд хэвлэлийн эсрэг хууль батлахыг хориглоно гэсэн заалт бий. Түүнд хэн ч халдах эрхгүй. Ардчилал, Ардын эрх сонин, 25-р суваг төрөөгүй, түүнийг нь хавчаад хаачихсан бол өнөөдөр монголчууд Куба, Хойт Солонгостой ижил хөгжилтэй байх байсан хэмээн гадныхан ярьдаг. Хойт Солонгост гар утас ашиглахыг хориглодог. Кубад саяхнаас интернэт ашиглаж эхэлсэн. Эдгээр улсуудын хоцрогдлын түвшин хэвлэлийн эрх чөлөөний хэмжээ. Хэвлэлийн эрх чөлөө бага байх тусам улс орны хөгжил хоцорч, ядуурал газар авна. Улмаар “Арабын хавар” хэмээх хувьсгал үүснэ. Хэвлэлийн эрх чөлөөгүй орныг ийм л хувь заяа хүлээж байдаг. Эрх баригчид Н.Чаушеску шиг эхнэртэйгээ өчиггүй буудуулж, С.Хусейн шиг нохойн үхлээр амьдралаа дуусгана. Чөлөөт мэдээллийг хүн хийдэг учраас алдаа гардаг. Гэхдээ чөлөөт хэвлэлийн гаргасан алдаанаас төрийн түшмэдийн гаргасан алдаа хязгааргүй уршиг олон түмэнд тарьсан олон жишээ байдаг гэнэ. АНУ-ын нэгэн сэтгүүлч нэрт тагнуулчийнхаа нэрийг зарласан Тухайн үедээ түүнийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан, эх оронч биш хэмээн буруутгаж байсан. Харин өчигдөр нэгэн сэтгэцийн өвчтэй байж мэдэх 20 настай залуу балчир насны 20 хүүхдийн амийг хөнөөлөө. Ерөнхийлөгч Б.Обама нилимс дуслуулан ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Өмнө нь олон удаа гэмгүй иргэдийг хэн нэгэн солиот буудан хороож байхад сэтгүүлчид буу эзэмших эрх, аллага, хядлагыг өөгшүүлсэн компьютер тоглоом, кино зохиолууд өсвөр үеийнхнийг сэтгэцийн хямралд оруулж байгаа тухай түмэнтээ бичиж байсан байдаг. Энэ бүхнийг АНУ-ын эрх баригчид тоогоогүй. Харин өнөөдөр тэд матрын нулимс унагаж байна. 1920 оны их хямрал эхлэхийн өмнө сэтгүүлчид эрх баригчид санхүүгийн зах зээлд оролцож байгаа нь сайны ёр биш хэмээн бичиж байсан. Хэн ч тэднийг тоогоогүй. Үр дүн нь хэдэн зуун сая ажилгүйчүүд, хэдэн арван мянган компанийн дампуурал. Монголд нэг ч бизнес эрхлээгүй төрийн хамгийн том тушаалуудыг эзэгнэсэн нэг нөхөр хэдэн тэрбумын хөрөнгөтэй болчихож. Тухайн үедээ түүнийг түүнийг хууль бусаар хөрөнгөжиж байгааг бичсэн хэдэн сэтгүүлчид байдаг. Тэд бүгд шүүхэд дуудагдаад зогсохгүй амьдралынхаа цөөнгүй жилийг хүн гүтгэсэн нэр зүүсээр өнөөг хүрсэн. Хэрэв тэднийг буруутгаагүй байсан бол өнөөгийн алхам бүртээ авлига нэхдэг түмэн төрийн албан хаагчид төрөхгүй байсан гэнэ. Сэтгүүлчид ялагдаж түшмэдүүд ялсан энэ тулааны үр дүнд хязгааргүй баялагтай монгол орны тал иргэд нь ядуурал ажилгүйдэлд сүйрч байна. Энэ бүхэн нь хэвлэлийн эрх чөлөө хаалттай байсны гор. Хэвлэлийн эрх чөлөө хаагдах тусам авлигачид ядуусын тоо ижил хурдаар өсдөг онол байдаг гэнэ. Энэ бүхнээс үүдэн ардчилсан орнуудад чөлөөт хэвлэлгүй Засгийн газартай байснаас, Засгийн газаргүй чөлөөт хэвлэлтэй байсан нь дээр гэдэг үг гарчээ. Нийгэмд Ерөнхий сайд болох хүн хэдэн мянгаараа олддог бол чөлөөт хэвлэлийн төлөө тэмцэгч гарын хуруунаас олонгүй төрдөг гэнэ. Хэвлэлийн эрх чөлөөгүй төрийг орчин цагт дарангуйлагч, коммунист, фашист төр гэж нэрлэнэ. Тиймээс төртэй байна гэдэг нь хэвлэлийн эрх чөлөөтэй байхыг хэлнэ. Харин хэвлэлийн эрх чөлөөгүй төрийг боолын нийгэм гэдэг аж. Монгол мэдээ Өнөөгийн монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйг төгс төгөлдөр гэж хэн ч хэлэхгүй. Бүх мэдээллийн хэрэгсэл нэг эзний гарт гэдэгтэй хэн ч маргахгүй. “Өдрийн сонин” дээр Ц.Элбэгдоржийг, “Өнөөдөр” сонин дээр Н.Багабандийг, “Зууны мэдээ” сонин дээр Н.Энхбаярыг муулах гээд үз. Хэзээ ч бүтэхгүй. Сонины эздийн буруу биш. Хүн гэдэг амьтны араншин. Сонины эзэн хүн бөгөөд түүнд ч өөрийн гэсэн үзэл бий. Өмчөө өөрийн үзэлдээ зориулах эрх бас эздэд байх ёстой. “Энэ бүхэн чөлөөт хэвлэл мөн үү” гэсэн асуулт гарна. “Мөн” гэж барууны сэтгүүлчид санал нэгтэй хариулж байна. Чөлөөт хэвлэл гэдэг нь хэн нэгэн түшмэд хэн нэгний мөнгөөр өөрийгөө хамгаалуулахыг хэлдэггүй гэнэ. Элбэгийн алдааг “Өдрийн сонин” дуулаагүй өнгөрч болно. “Зууны мэдээ” сонин түүнийг илчлэх эрхтэй байх ёстой. Энхбаярын алдааг “Зууны мэдээ” хараагүй байж болно. Түүнийг нь олж харсан “Өдрийн сонин” шүүхэд дуудагдах учиргүй. Нийгэмд байгаа түмэн үзлийг илтгэж чадах хэвлэл мэдээллийн хэрэгслийг л төр хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, хамгаалалтдаа авахыг л хэвлэлийн эрх чөлөө гэдэг аж. Английн “Чөтгөрийн шүлгүүд”-ийг бичсэн Ш.Рудши хэмээх зохиолчийг лалын шашинт орнууд цаазын ял оноожээ. Английн тусгай алба түүнийг 20 гаруй жил хамгаалж байна. Мохамеддийг шоглон  Данийн зураачийг төр хамгаалалтад аваад зогсоогүй, цаашид үзэл бодлыг хамгаалахаа илэрхийлж байна. Энэ бол ард иргэд нь тайван, хангалуун амьдардаг орнуудын төр нь сэтгүүл зүйдээ ханддаг хандлага. Нэгэн цагт АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАН-ын дарга С.Баяр нар зэрэгцэн сууж байгаад сэтгүүлчдэд ажил албаа гүйцэтгэсний улмаас эрүүгийн хуулиар хариуцлага тооцох заалтыг авч хаях тухай амалж байсан. Нийгэмд таатай уур амьсгал төрүүлсэн боловч, албан тушаалтнуудад аянга мэт сонсогдсон гэдэг. Харамсалтай нь Монголын төр өнөөдөр төрийг хянах сэтгүүлчдэд эрх өгөх нь бүү хэл төрөөс төрсөн ганц тэрбумтанд хариуцлага тооцох чадвар алга. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад орсон хоёр заалт сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн дургүйг хүргэж байгаа аж. Сэтгүүлчдийн дургүйг хүргэж байгаа заалт нь эрүүгийн хуулийн “гүтгэх, доромжлох” гэсэн зүйл ангиар сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгах. Эздийн дургүйг хүргэж байгаа заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс нэг ширхэг иргэн 20 хувиас илүүг эзэмших эрхгүй гэсэн заалт. Сэтгүүчдийг айлгадаг “гүтгэх, доромжлох” гэсэн заалт нь хуулиар тайлбарлахад хэцүү ойлголт. Хэн нэг нь хэн нэгэнд том хамартай харагдаж болно. Бас хэн нэг нь нөгөө нэгэнд жаравгар нүдтэй харагдаж болно. Тэглээ гээд хүн өөрт харагдсан дүрсээ тайлбарласны төлөө хэрэгт татна гэдэг нь үзэл сурталд тооцогдоно. Өөрөөр хэлбэл фашизм, коммунизм оршиж байна гэсэн үг. Шинэчилсэн хувилбараар бол дээрх зүйл анги нь эрүүгийн хуульд үлдэнэ. Гэхдээ аль болох мөнгөн торгууль ногдуулах үзэл баримтлал орох юм байх. Хэдэн удаа шүүхээр орж, хэдэн жил шүүхийн үүдийг элээсэн сэтгүүлч Г.Дашрэнцэн, Г.Мөнхбаясгалан нарын үзэж буйгаар бол дээрх заалт эрүүгийн хуульд үлдсэн тохиолдолд мөнгөн торгууль гэж өөрчилснөөс хэвээрээ үлдсэн дээр гэнэ. Учир нь сэтгүүлчдэд нэр хүндгүй улстөрчдийн нэхдэг олон сая төгрөг байхгүй. Тэгээд ч олон удаа торгуулийн ял авсан тохиолдолд эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл болж хоригдох ял ирэх нь зайлшгүй. Тэгэхээр энэ зүйл ангийг эрүүгийн хуульд хэвээр үлдээх нь нүглийн нүдийг гурилаар хаасан үзэгдэл болж хувирна. Хөрөнгө оруулагчдыг бухимдуулаад байгаа нэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 дээш хувь эзэмшиж болохгүй гэсэн заалт нь хүний эрхэнд халдаад зогсохгүй, эмчийн, эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Ямар ч тэнэг хүн өнөөдөр аль нэгэн компанийн 20 хувийг эзэмших сонирхол төрөхгүй. Учир нь 20 хувиар 80 хувийг захирах боломж байхгүй. Гэтэл хөрөнгө оруулагч өөрийн гэсэн хүсэл, бизнесийн ашгийг харж л хөрөнгөө гаргана. Одоогийн хуулийн заалтыг монгол хувилбараар харж болно. Хэн нэг нь саалийн үнээ авахын тулд таван хонь хэрэгтэй болно. Харамсалтай нь үхэртэй болох гэсэн этгээд өөр дөрвөн хүнийг нэг нэг хонь нийлүүлж байж л үхрийн бараа харна. Тавуулаа нийлж таван хониор нэг саалийн үнээтэй болно. Тэгээд таван литр сүүгээ нэг литрээр хувааж ууна. Ийм л нэг хошин шогийн заалт шинэ хуулинд цогиж байгаа гэнэ. Энэ тохиолдолд хэн хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулах вэ гэсэн асуулт гарна. Хэн нь мэдэгдэхгүй өөрийн үзлийг тулгах гэсэн мөнгө бий болно. Дорж, Дулмаагийн нэрээр хятадууд асар их хөрөнгө оруулалт хийж байгаатай адил Энх, Туулын нэрээр ямар нэгэн хүчирхэг мэдээллийн хэрэгсэл бий болно. Мэдээллийн хэрэгслийн эздийн хардаж байгаа шиг одоогийн хэвлэлийн зах зээлийг нурааснаас шинээр зах зээлд хэн нэг нь нэвтрэх боломж бүрдэнэ. Тэд хэн гэдэг нь тодорхой биш. Таван нөхөр харагдана. Үзэгдэх талбай нь тэр. Хэний ямар гар хөл яваа нь хэзээ ч мэдэгдэхгүй. Хэдэн төгрөгөөр торгуулаад л нийгмийн тархийг угаана. Муу нэртэй өнөөгийн хэвлэлийн зах зээлийг нэгдүгээрт монголчууд эзэмшиж байгаа нь үнэн. Хоёрдугаарт тэд өөрийн үзэл бодол хөрөнгөний түүхээ нуудаггүй. Сэтгүүлч Ж.Гангаагийн хэлж буйгаар бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг төр хуваарилаад ямар ч өөрчлөлт гарахгүй. Угаасаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмч гээд байх юм байдаггүй. Хэдэн компьютер, өнөө маргаашаа хүлээж төмрийн хогонд ачигдах шахсан хэвлэх машинуудад хэн ч хөрөнгө оруулахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн том капитал нь сэтгүүлчийн толгой. Тэрнийг нь ч ямар төр таван хүнд хуваагаад өгчих боломж байхгүй гэнэ. Сэтгүүлчид хэний дургүйг хүргэдэг вэ Сэтгүүлчид мэдээлэл хүргэхдээ харагдсан болгоныг түүгээд байдаггүй. Тэдний хамгийн том бай нь төрийн түшээдийн шударга бус үйлдэл байдаг. Төрийн түшээд, улстөрчдийг хянах эрхийг ард түмэн тэдэнд олгодог. Ард түмэн улстөрчид шиг сэтгүүлчдийг үнэгүй ашиглахыг хүсдэггүй. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөрөө бэлнээр, тэрбүү хэл урьдчилан төлдөг. Энэ бүхэн нь тэдний төр хянах төлбөрт тооцогддог. Улстөрчид төрийн мөнгөөр тэжээгдэж, төрийн мөнгийг захиран зарцуулдаг учир сэтгүүлчид тэднийг хардах бүрэн эрх эдэлнэ. Тэдний алхам бүр сэтгүүлчдэд ил тод байх учиртай. Тэр сэтгүүлчдэд барьж байгаа өгөөмөр сэтгэл биш. Ард түмнээс авсан эрхээ хэрэгжүүлж байгаа энгийн нэгэн хэлбэр. Сэтгүүлчдэд хянуулах дургүй улстөрч байх учиргүй. Учир нь тэдний идэж байгаа хоолноос эхлээд унаж яваа машин нь хүртэл ард түмний халааснаас гардаг. Ард түмэн тэр их мөнгийг сэтгүүлчдээр дамжуулан хянадаг. Харамсалтай нь энэ бүхнийг ойлгодог улстөрч ховор гэнэ. Сонирхолтой нь өнөөгийн төрийн өндөрлөгт гарсан улстөрчид сэтгүүлчидтэй шүүхдээгүй түүхтэй гэнэ. Сэтгүүлчидтэй хамгийн шүүхэдсэн улстөрчидын ихэнх нь өнөөдөр улстөрөөс арчигдсан байх юм. Эндээс улстөрчид сэтгүүлчидтэй хэрхэн шүүхэддэг вэ асуулт гарна. 2000 оноос хойш хэдэн арван сэтгүүлчид шүүхийн тогтоолоор шийтгэл хүлээсэн гэнэ. Сонирхолтой нь ихэнх өнөөдөр үнэн зөвөөр бичсэн нь тогтоогдсон байна. Гэтэл сэтгүүлчийг шүүх дээр ялсан улстөрчидын булхай илэрч эхнээсээ хар гэрийн хаалга татаж байна. Гэтэл тухайн үедээ буруудаж байсан сэтгүүлчдээс шүүх нөхөн төлбөр олгох нь бүү хэл уучлал ч гуйх хууль эрх зүйн орчин алга. Түүгээрч зогсохгүй сэтгүүл зүйн мэргэжилтэн Х.Наранжаргалын ярьж буйгаар бол сүүлийн жилүүдэд хохирсон нэг ч сэтгүүлчийн хохирлыг барагдуулаагүй байна. Эндээс харвал манай улс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харгис биш гэхэд хүйтэн хандаж байна гэж үзэж болно. Удахгүй батлагдах хэвлэлийн хуулийн шинэчлэлд эрхэм гишүүдийн хэд нь ямар заалтад, ямар санал өгөх нь тодорхой биш байна. Ихэнх түшээд нэр төр, албан тушаалын нэр хүндийг унагасан хэмээн шүүхэд гомдол гаргаж байна. Үнэн хэрэгтээ тэдний нэр хүнд ямар хэмжээнд байгааг шүүх тогтоох ямар ч боломж байхгүй. Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол МУИС-ийн захирал нэгэн сэтгүүлчээс нэр төр, албан тушаалын нэр төрийг унагасан хэмээн хоёр сая төгрөг нэхжээ. Үнэн хэрэгтээ тэр УИХ-ын даргын албыг хашиж байсан. Дараа нэгэн жижигхэн аймгаас УИХ-д нэр дэвшээд санал авч чадаагүй. Ийм хүний нэр хүнд хоёр сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн ямар ч хууль байдаггүй. Албан тушаалын нэр хүнд гэж ямар хуулинд байгааг бүү мэд. Тэр бас нэр хүндээ унагасан тохиолдолд гомдол эрдэг эд бололтой юм. Дээрх заалтууд эрүүгийн хуульд орсоноор ийм л эрүүл галзуу нь мэдэгдэхгүй гомдлууд шүүхийг залхааж байна. Энэ бүх заалтаар хэдэн тэрбум төгрөг хуссан улстөрч хаацайлагдаж үлдэнэ. Хэдэн арван охидыг зарсан шуналтнууд далдлагдаж үлдэнэ. Хэдэн зуун га газар хулгайлсан албан тушаалтнууд завшиж үлдэнэ. Сэтгүүлчийг залхаах гэсэн хуулийн заалт авлигын загалмайлсан эцгийг томруулаад зогсохгүй. Аалзны тор мэт тив дэлхийг бүрхсэн сүлжээ байгуулж чадна. Энэ бүхэн өнөөдөр Монголд бий болсон. Хэвлэлийн эрх чөлөөг хаасны үр дүн нь ялагдашгүй авлигын тогтолцоо. Дээрх хоёр заалт хууль хэвээр үлдвэл маргааш монголчууд утаа, хогны тухай биш, урц агуй олж эрх баригчдаас нуугдаж амьдрах болно. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол хүүгий чинь хөнөөсөн, охидыг чинь эзэмдсэн зэрлэгүүд төрийн түшээ болж түмнийг дарлах болно. Х.Баттөгс  
Shuud.mn
Сонин хачин
Bataa:
Hevleliin erh chuluu hamgiin chuhal tehdee gol zuil chin setguulchiin es zui bgaa um. Esreg nam, uzen yadaltiin zahialgaar es zuigui setguuulchid hudlaa zuil bichij olon niited taraasnaas bolj neg bish hed heden hunii ajil amidraliig businuulsan yavdal zundu l gardag sh dee. Engiin ajlaa hiigeed hudulmurluud yavj bgaa huniig hudal huurmag zohiol bichij niiteldeg mungu nehdeg gutgesen hunee yamarch amidrah itgel niadvar, hiij buteeh chadvargui bolgodog Setguulchiin mergejliig mungun oloh, daramtalah heregsel bolgoson tuuniigee hevleliin erh chuluu gedeg setguulchid zunduu bdag sh dee. Er n setguulchdiinhee es zuig sain anhaarmaar bgaa uym daa.
2012-12-19
MNG SULD URSHUU:
MNG SULD URSHUU 182.160.28.95, 2012-12-19 19:09:56 MOMGOLIIN SUULCHIIN MOGIKHAN,UNDESNII GANTS NAM NURAN UNAJ BAIGAD TUILAAS UITGAR TURNUM.UZEL BODOL OO KHEZEE CH NAIMALTSAJ UZEEGUI MAH DEER DOORGUI URVAN TERSELJ OLON TUMNII DOOG TOKHUU BOLJ ,MONGOLIIN ULS TURIIN UNDUR TAVTSANGAAS AAJIMAAR GULSAN UNAJ BNA.SEREGTUN!.MNG SULD URSHUU,
2012-12-19
Ene hevleliinhen olon yum yariad bailgui uursduu l huulia bieluulel dee...
2012-12-19
зөв зүйл бичсэн байна ардчилсан орнууд сэтгүүл зүйг сэтгэл зүйгээр нь тархи угаах хэрэгсэлээ л болгодог харин социолист мань мэт шиг орос хятад шиг улсууд болхи аргаар дарах гэж оролддог харин орос сэтгүүлчидийг үнэлмээр санагддаг юм өөрсдийгөө алуулах хүртэл үнэнг нь эрэн сурвалжилж ил болгоно гэдэг бахархмаар ч юм шиг
2012-12-19
AH baihad yaj ustah bileedee te. Gol zahialagch ni AH yum chini mungu ugch hun gutguuldeg uls turiin zahialgaar niitlel bichuuldeg ene uildeluud AH bga tsagt ustahgui...
2012-12-19
Хэн хэзээ устгах гээд байгаа юм бэ ардчилсан нам байхад хэвлэлийн эрх чөлөө устахгүй
2012-12-19
Boogii:
Hevleliin erh choloo neriin door setguulchid avliga avch neg hunii toloo uilchildeg mon niilj ard tumniihee tarhiig ugaaj baidgiig hyazgaarlah ni zovoo.
2012-12-19