
Нефть импортлогч компаниуд өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар "Сод Монгол", "Петровис", "Шунхлай", "Магнай трейд" зэрэг шатахуун импортлогч компаниуд АИ-95-аас бусад төрлийн түлш, шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байна. Тодруулбал, А-80 литр тутам нь 1530, АИ-92 1620, дизель түлш 1970 төгрөгийн үнэтэй байна.
Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Нефть импортлогч компаниуд шатахууныхаа үнийг нэмэх нь тодорхой байсан. Тэд өмнө нь шатахууны үнийг литр тутамд нь 210 төгрөгөөр нэмэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, тооцоо судалгаагаа бидэнд өгсөн. Харин Засгийн газар, Монгол банк хамтран нефть импортлогчдод 83 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор жижиглэнгийн зах зээлд борлуулагдаж байгаа шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдлээ. Гэхдээ бусад төрлийн түлш, шатахууны бөөний үнэ яаж нэмэгдэх нь тодорхойгүй” гэлээ. Мөн тэрбээр “Шатахуун нэмэгдлээ гэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг болоод удаж буй. Ямар ч байсан бидний тооцоогоор 1 ш талх 4 төгрөгөөр, мах кг тутамдаа 30 төгрөгөөр л нэмэгдэнэ. Үүнээс илүү нэмэгдэх ёсгүй ” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ