ShuuD.mn: 2012 оны онцлох есөн үйл явдлыг нэрлэж байна
2012-12-25

Shuud.mn 2012 онд манай оронд болсон онцлох есөн үйл явдлыг шууд нэрлэж байна. Монголчуудын дунд дуулиан шуугиан тарьсан болон амьдрал ахуйд нь эргэлт авчирсан эдгээр онцлох 10 үйл явдлыг он цагийн хэлхээсээр нь товчхон эргэж сануулъя.

Төөрсөөр төрөлдөө

Нью-Йоркийн Херитэйжийн дуудлага худалдаагаар зарагдах гэж байгаа 75 сая жилийн өмнө амьдарч байсан Тиранозавр Батаар хэмээх үлэг гүрвэлийн араг яс Монголоос олдсон байж магадгүй гэсэн яриа дэлхий нийтэд шуугиан дэгдээв. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг Америкийн талд тавьж, олон орны палентеологичид Монголын говиос олдсон болохыг тогтоолоо. Ийнхүү 2,63 сая ам. доллараар зарагдсан ч шинэ эзэнд нь шилжүүлэхийг түдгэлзүүлээд байсан Тиранозавр Батаарыг Монголд буцаахаар АНУ-ын шүүхээс шийдвэрлэсэн юм. 1995-2005 оны хооронд өмнийн говиос хулгайн замаар Англид очиж, тэндээсээ Америкийн Флорида, Техасаар дамжин Нью-Йоркод хүрсэн аварга амьтны араг яс төөрсөөр төрөлдөө эргэж ирэхээр болсон нь улс дамнасан хулгайн наймааны мөрдөн шалгах ажиллагаа амжилттай болсныг илтгэнэ.

Туг ч өргөдөг тугал ч хариулдаг

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны үүрээр АТГ-аас баривчлав. Тэрээр 2000 оноос эхлэн Ерөнхий сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашиж, 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон төрийн гурван өндөрлөгт шат дараалан хүрсэн юм. Монголын төр, засгийн толгойд 12 жил тасралтгүй суусан энэ хүнийг гэрээс нь оймстой хөлийг нь гозолзуулан шууд шоронд хийнэ чинээ олон хүн бодсонгүй. Энэ явдал сонгуулийн жилийн улс төрийн сенсаацийн салхийг хагалав. Харин энэ нь яваандаа Н.Энхбаярын толгойлсон МАХН болон “Шударга ёс” эвсэл парламентийн сонгуульд амжилт олох зардалгүй сурталчилгаа болсон юм. Эр хүн туг ч өргөдөг, тугал ч хариулдаг бөгөөд МАХН сохорсон биш завшив гэгч болов. Н.Энхбаярын долоон тэрбумын авлигын хэрэгт нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, Улсын дээд шүүхээс 2,6 жил болгон эцсийн шийдвэр гаргаад байна.

АН ялж, МАН ялагдав

Зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд улс төрийн 11 нам, хоёр эвсэл оролцож, 544 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Энэ удаагийн сонгууль нь холимог системээр явагдаж, саналын хуудсыг автомат машинаар анх удаа тоолсноороо онцлогтой. Сонгуулийн үр дүнд АН 31, МАН 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл” 11, ИЗНН хоёр суудалтай болсон юм. Мөн бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав ялалт байгуулав. Нэг тойргийн асуудал маргаантай, хоёр тойрогт ирц дутсан учир нөхөн сонгууль явагдахаар болсон. Энэ өдөр НИТХ-ын сонгууль зэрэг явагдаж, есөн нам, хоёр эвсэл оролцсоноос АН 26, МАН 14, “Шударга ёс” эвсэл дөрөв, ИЗНН нэг суудал авсан юм. Ийнхүү АН парламентийн сонгуулийн ялалтаа нийслэлд бататгаж чадлаа. Харин арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар АН 12 аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт дахин ялалт байгуулсан юм. Ард түмэн хоёр шатны сонгуульд үндсэндээ АН-ыг дэмжиж, “Монгол хүн 2020” хөтөлбөр хэрэгжих үндэс суурь ийн бүрэлдсэн байна. Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан төр, засагтай болов.

Лондоны олимпийн медалийн буухиа

Бээжингийн олимпийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн буухиа Лондоны олимпод үргэлжлэв. Таван тивийн 204 орны 10500 тамирчин оролцсон олимпийн XXX наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдсөнөөс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Энэ бол хүн төрөлхтний спортын хамгийн том наадмаас Монголын тамирчид хамгийн олон медаль хүртсэн баярт үйл явдал болсон юм. Олимпийн ууган аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртэж, боксын 52 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эх орондоо хоёр дахь мөнгөн медаль авчирлаа. Өмнө нь жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медалиар багийнхаа амжилтын салхийг хагалсан бол чөлөөт бөхийн дэвжээнээс гавьяат тамирчин С.Батцэцэг, боксын рингнээс гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болсон юм.

Буйдантай суулт

МАН парламентийн сонгуулийн дүнд хусмаа чамласан хүүхэд шиг гэдийсэн нь УИХ-д бүлэггүй хоцроход хүргэв. Тиймээс байнгын хороодод гишүүд нь багтаж чадсангүй. Дээр нь Өвөрхангайн маргаантай тойргоос шүүхийн шийдвэрийг үндэслэн АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д,Зоригт хоёр тангараг өргөхөөр болсон нь тэднийг суулт хийхэд түлхсэн билээ. Гэхдээ тэмцлийн энэ хэлбэрийг анх удаа сонгож буй тэд чуулганы танхимын үүдэнд зөөлөн буйдан дээр тухалсан байлаа. Гар дахь эсэргүүцлийн бичгээ ичингүйрсэн маягтай нуусхийж, телевизийн камерт өртөхгүйн хичээн нугдайсхийж суусан нь тэмцэлдээ итгэл үнэмшил муутайг илтгэж байв. МАН-ын суугчдыг харж нүд хужирлах эрхэм гишүүд мундсангүй. Ямар сайндаа л Ж.Батзандан гишүүн, бид 40 хэмийн хүйтэнд гадаа цардмал талбай дээр зогсдог байхад эд нар буйдан дээр тухлаад сайхан юмаа гэж байхав. Экс гишүүн Л.Гүндалай хүртэл миний патентыг хулгайлчихаж хэмээн дуу алдсан нь улс төрийн тэмцлийн сонирхолтой жишээ болж, түүхэнд үлдэв.

Харумафүжи ёкозүна болов

Японы мэргэжлийн сумогийн долдугаар сарын Нагое башёд Харумафүжи озэки Д.Бямбадорж 15 давж, ганц ч унаагүй түрүүлэн эзэн хааны цомыг гурав дахь удаагаа гардлаа. Хакухо М.Даваажаргал тэр хоёр 14:0 харьцаатай башег тэргүүлж, дахин барилдсанаар Харумафүжи давсан юм. Сумогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөлөөс озэкид есдүгээр сарын Аки башёд 13 давбал их аварга цол хүртээх болзол анх тавьсан ч давааны тоог нэгээр нэмж, 14 болгосон  билээ. Гэвч Харумафүжи уг башёд дахин түрүүлснээр ёкозүна Хакухогийн араас таван жилийн дараа сумогийн 70 дахь ёкозүна болов. Ийнхүү Харумафүжи Д.Бямбадорж Японы эзэн хааны цомд дөрвөнтөө эзэн сууж, Монголын гурав дахь, гадаадын тав дахь их аваргаар тодорсон байна. Асашёорюү Д.Дагвадоржоос эхлэн Хакуко М.Даваажаргалаар дараалан их эзэн Чингис хааны удмын бөхчүүд Японы сумогийн дэвжээг эзэгнэсээр байна.

Халз мэтгэлцээн

Сонгуулийн өмнө Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахын төлөө дуу хоолойгоо өргөж явсан зарим улстөрч эрхэм гишүүний сэнтийд залрангуутаа таг дуугүй болсон юм. Эцэст нь С.Ганбаатар тухайн үед Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа. МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулах мэтгэлцээний тов тодроход С.Баярцогт  “Хугацаагаа тохирчихсон тул өөр хэлэх зүйл алга” гэсэн бол С.Ганбаатар “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ буруу, зөв эсэхийг нягтлах бус, гэрээний талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгох үүднээс мэтгэлцэж байгааг ойлгоорой” хэмээн учирлаж байв. Арваннэгдүгээр сарын 23-ны үдэш тус телевизийн “600” студид болсон мэтгэлцээнд С.Ганбаатар харин “дуэлд” дуудсан шигээ зоримог, чадварлаг, стратегитай байж чадсангүй. С.Баярцогт чамбай гэгчийн цахим танилцуулга бэлтгэж ирсэн нь давуу тал авчрав. Хэрвээ тоон баримт, хуулийн заалт, график бүхий слайдууд байгаагүй бол тэрээр үзэгчдийг байлдан дагуулж чадах эсэх нь эргэлзээтэй байлаа. Улстөрчдийн уйтгартай ярианаас тойрч, олон нийтэд харьцуулсан мэдээлэл түгээсэн энэ халз мэтгэлцээн нийгэмд хүлээлт үүсгэсэн шигээ цангааг нь зохих ёсоор тайлж чадсан юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч П.Очирбат, Л.Түдэв хоёрын мэтгэлцээнээс хойш ийм явдал үндсэндээ болоогүй юм.

Автомашины дугаарын хязгаарлалт

Наймдугаар сард болсон НИТХ-ын ээлжит бус чуулганаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан билээ. Энэ ажлын хүрээнд автомашины дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 07.00-22.00 цагийн хооронд замын зарим хэсэгт зорчих эрхийг хязгаарласан юм. Төв замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгслүүд саадгүй зорчих бөгөөд үүний үр дүнд хөдөлгөөний ачаалыг 20 хүртэл хувиар бууруулахаар тооцоолжээ. Дээрх хязгаарлалт түргэн тусламж, гал команд, цагдаагийн машинд хамаарахгүй бөгөөд амралтын өдрүүдэд бүх төрлийн автомашин явж болно. Замын хэт ачааллыг зохицуулахад 150 туслах ажилтан ажиллаж байв. Аравдугаар сарын 27-ныг хүртэл авсан уг арга хэмжээ нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн тул одоо хэр хэрэгжиж байна.

Арванхоёрдугаар сарын 21

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн цуурхал Монголыг тойрсонгүй. Үүнд хамгийн их итгэсэн хүн бол “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл хатагтай байлаа. Тэр манай гариг харанхуйлж, газар хөдөлж галав юүлэхийн дайтай ярьж, эсгий гэр, лаа, шүдэнзээ базаахыг уриалж байсан ч сүлжээнийхээ ёлкыг 28-нд хийхээр товлосон нь бүр ч хачирхалтай. Гэвч тэнгэр заяат монголчуудын их хувь заяа, шинжлэх ухаанд итгэл алдраагүй хүмүүс нэг их төөрөлдсөнгүй. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт болсон Түмэн онгодын чуулган шиг зарим зан үйлийн ёслол энд тэнд болсныг үгүйсгэхгүй. Эрүүлжүүлэхэд хоносон хүмүүсийн тоо арай олон байсныг бас нуухын аргагүй. Японд сурч, ажиллаж байгаа залуусын нэлээд нь эх эцгийнхээ санааг амраахын тулд гэртээ иржээ. Хэдий арлын Япон өндөр хөгжилтэй ч эх газрын цээжин дээрх Монгол нутаг хамгийн аюулгүй газар гэдгийг дэлхий нийт битүүхэн онцолж байсан нь ортой бололтой. Манай гаригийн амьдрал майячуудын он тооллоор дууссангүй ээ.  
Shuud.mn
Сонин хачин
buidantai suult orohgui ee:
buidantai suultch end baih yosgui dee
2012-12-26
2013 онлох үйл явдал: Элбэгдорж ялагдаж шүүгдэсэй:
2013 онцлох үйл явдалд Элбэгдорж ялагдаж, луйврын бүх хэргүүд нь ил болоосой. Ухаа толгойг 100 сая доллараар зараад идцэн, Дорнодын талыг Солонгост зарсан, Оюутолгойгоос их хэмжээний авлига авсан гээд мөн ч олон хэргийнх нь хагас хугасыг нь ч гэсэн олон нийт мэдэж шүүгдээсэй. Тарваган хүн өширхүү аймар болохоор хүмүүс айгаад хэлж ч бичиж ч дэлгэж ч чадахгүй байгаа. Цаг нь ирнээ
2012-12-26
PRO & ILLUMINATI 103.9.88.51, 2012-12-25 17:12:26 TA UUNIIG USTGAVAL UURUUGUU USTAKH PROGRAMMAA ACHAALLANA!!!.MONGOL MONGOLOO BAZAKH AH N PROGRAMM TSAG NARGUI ,ICHIKH BULCHIRKHAI,YAMARCH TURIIN KHYANALTGUI ACHAALLAJ BNA.AH N SUULIIN 6 SAR YAVUULJ BAIGAA ENE USTGAKH PROGRAMM ZUUNII , BARUUNII TUMEND MONGOL ULSIIG 2 KHUVAALAA.NEG TALD 22 JIL MASH IKH ULLSUN ,USNII TEREGENEES UUR ALDAKH UMGUI AH N GISHUUD,DEMJIGCHID,,NUGUU TALD OUYNII BOLOOD MATERIALLAG BAYALAGIIG BII BOLGOGCHID BUKHII MAH GISHUUD, DEMJIGCHID.AKHMAD UE.MONGOL USLIIN TUSGAAR TOGTNOLD SURUG NULUUTEI ENE BAIDLAA AH N TURIIN 3 DARUI ZOGSOO!!!.
2012-12-25
za 21 sariin 21 orood baih zub uu
2012-12-25