
Испанийн Каталонийн Ла-Хонкера хотын цагдаа нар нэгэн янхны газрын гадаа тэсрэх бөмбөгтэй автомашин тавигдсан гэсэн мэдээлэл авангуутаа тэнд байсан 300 орчим хүнийг “нүүлгэн” шилжүүлжээ. Янхны газар дотор байсан 300 хүнээс гадна зэргэлдээх байшингуудаас олон арван хүнийг гаргасан аж. Онцгой байдлынхан тэсрэх бөмбөгийг хэдэн цагийн дотор аюулгүй болгосон бөгөөд хэн ч хохирсонгүй.
Тэр тэсрэх бөмбөгийг янхны газрын дэргэд хоёр машин хөлөглөж явсан таван хүн орхисон байна. Тэд нэг машинаа орхиод нөгөөгөөр нь явж оджээ. Уржигдар орой энэ хэрэг явдал болсон бөгөөд гэмт этгээдүүд гадна нь тэсрэх бөмбөг байрлуулсан гэдгээ янхны газрын ажилтнуудад анхааруулаад явж одсон гэнэ. Нөгөө машиныг нь ойролцоохон шатааж орхисон байжээ.
Тэсрэх бөмбөг машины арын суудал дээр хэвтэж байсан бөгөөд нэг килограмм орчим жинтэй байсан аж. Тэнд мөн хийн баллон хоёр ширхэг байв. Тэсрэх бөмбөгийг үүрийн 01 цаг 30 минутад аюулгүй болгожээ. Хэдэн долоон хоногийн өмнө Европт томоохонд тооцогддог энэ янхны газрын дэргэд үүнтэй төстэй хэрэг явдал гарсан билээ. Тэгэхэд уг янхны газар руу хоёр гар бөмбөг шидсэний нэг нь дэлбэрсэн юм. Азаар хүний амь эрсдээгүй аж. Цагдаа нар энэ хоёр явдал хоорондоо ямар нэг байдлаар холбоотой гэж үзэж байгаа бөгөөд гэмт бүлэглэлүүд учраа олж байгаа байх гэж таамаглав.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ