Хорвоо харанхуйлах яах вэ, XXI зууны хүн төрөлхтөн харанхуйлах л хэцүү байна даа
- Фельетон -
Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжлийн үеийнхэн гэгдэх хориннэгдүгээр зууны биднээр хорвоо мөн ч их даажигналаа даа. Хорвоо гэхээсээ илүү бид өөрөө өөрсдөөрөө даажигнасан хэрэг. Зарим талаар бүр хүй нэгдлийн үеэсээ ч тийм их холдож амжаагүйгээ харуулав. Галактикийг нэвт шувт дурандчихдаг мөртлөө газрын аюулаас бузгай айлаа шүү дээ. Хамгийн хөгийн асуудлын өмнө хамгийн арчаагүй байлаа, бид. Улсынхаа Ерөнхийлөгч, дэлхийн шинжлэх ухаан, НАСА, Монголын ШУА, Дээрхийн гэгээнтэн Далай лам, Бурхан шашны тэргүүн хамба лам Д.Чойжамц нартаа итгэхээ байтлаа мунхарчээ. “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл гэх үнэртэй усны панзчин авгайн үг тэднийхээс үнэтэй сонсогдсоныг бид өөрсдөө харав.
Дэлхийн хамгийн шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон интернэтийн гайхамшиг, гай хоёрыг ч мэдэрлээ. Хэн дуртай нь үгээ хэлчихдэг эл өвөрмөц хэрэгслийн тар танигдлаа. Тэгээд ч хамгийн худалч мэдээтэйгээрээ тодорч байсан нь үнэн байжээ. Аргагүй л дээ. Хүссэн болгон мэдээ цацдаг юм чинь. “Мал”-ууд “мал” мэдээ цацаж, “мал” л түүнийг нь уншдаг юмсанж. Шинжлэх ухааны наад захын мэдлэг алга болжээ. Бүр арван жилийн сургуульд бидний үзсэнээр, НАСА-гийн саяхан мэдээлснээр нарыг хаах, тэр дундаа гурван хоног бүтэн халхлах биет сансар хорвоод, нарны аймагт огт байхгүй гэдгийг энэ зууны хүмүүс мэдэхгүй юм байна гэхээр даанч эмгэнэлтэй бас ичгүүртэй ажгуу. За, тэрийг больё. Ертөнцийг үзэх үзлээр, туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаараа “Орифлэйм”-ийн авгайтай жишихийн аргагүй Дээрхийн гэгээнтнийхээ гэгээн сургаалийг чихнийхээ хажуугаар өнгөрөөчих юм. “Дэлхий сөхөхгүй, хүн төрөлхтөн минь ёс суртахуундаа анхаар” гэсэн шүү дээ. Шууд болон дам аль ч утгаар нь авч үзэхэд “Хүмүүс ээ, жаахан боловч гэгээрээч. Арай л харанхуй байна шүү” гэсэн үг л дээ.Харамсалтай нь, бид ойлгосон ч үгүй, ойлгохыг ч хүссэнгүй. Илжигний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсэрдгийн үлгэр биелэв. Хамба Д.Чойжамц маань зурагтын дэлгэцийг ханхар том биеэрээ халхалж суугаад хэлэв. “Маргааш наран манддагаараа мандана” гэсээр байхад л “Гурван хоног харанхуйлна” гээд хөнжил гудсаа тэврээд, хүүхэд багачуудаа чирээд, лаа, шүдэнз болоод бужигнаад гүйлдээд байх юм даа. Манай хэвлэл мэдээллийнхэнд ч дутагдал байна. Бид өөрсдөө ч боловсрох хэрэгтэй юм. Хүний хэвлэн нийтлэх, хэлэх эрх чөлөөг хязгаарлахгүй ч олныг төөрөгдүүлэх, мунхруулах, бужигнуулах, дам дамаа хортой мэдээллийг цацахгүй баймаар санагдана. “Орифлэйм”-ийн Г.Оюугэрэлийн мэдээ сенсааци биш саарал, бохир мэдээ байсан юм. Түүнээс болж ашигтай ажилласан ганц хоёр газар л байх шив дээ. “Мон лаа” компани, шүдэнз үйлдвэрлэгчид л бараагаа бараг шавхчих шиг болов. Одоо нэг хэсэгтээ үйлдвэрлэлээ зогсоож, ажилчдаа түр амраасан ч болох биз ээ. Баттай хэлэхэд, Монголын айл өрхийн талаас илүү хувь нь лаа, шүдэнз дахин авахааргүй болсон доо. Г.Оюунгэрэлийн бичсэн гэх дэлхийн сүйрлийн тухай ном овоо зарагдсан байх. Зарагдах ч гэж дээ, шахчихаа биз. Үнэртэй усаа дагуулаад тавьчихад л Орифлэймийн хойноос хошуурагчид аваад л явчихна. Монгол гэрийн бизнес ч багагүй ашиг олоо болов уу. Гэхдээ наймаачдад буруу байхгүй нь мэдээж. Ашгаа л бодно биз дээ. Хүмүүс нэг энгийн зүйлийг даанч ажсангүй. Дэлхий сүйрэх тухай яриад, лаа, шүдэнз, монгол гэр, нүхэн оромж болоод явчихсан нь хачин байв. Дэлхий сөнөхдөө хүрвэл амьдрал гэх ойлголт үгүй болно биш үү? Газар дээр хийгээд дор ч амьдрал үгүй болно. Тэгэхээр лаа, шүдэнзний хэрэг яаж байхав.Байгалийн гэнэтийн гамшиг тохиогоод, хүмүүсийн болгоомжгүй, бэлтгэлгүй хэсэг өртөж болзошгүй гэсэн бол харин өөр хэрэг юм. Ёстой лаа, шүдэнз авалгүй яахав гэх санж. Энэхүү цууг илт бизнес болгохыг хүсэгчид ч цөөнгүй байжээ. Тэр бүхний эцэст хэн хохирох вэ, хүмүүс л хохирно. Тэр дундаа харанхуй бүдүүлэг хэсэг бүлэг нь. Ийм хэсэг бүлэг манайд хангалттай байжээ. Бүр хангалттай бэлдсэн байгаа юм. БШУ-ы сайд нь хүртэл гэнэт мэддэг байгаа. Бидний үед ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлдэг, орчлон хорвоог таньж, мэдүүлдэг “Одон орон судлал” гэх сайхан хичээл байлаа. Тэрхүү хичээлийн номоо барьчихаад од ширтэн бодол болон алхаж явсан улс бидний үеийнхэн билээ. Тэгтэл тэр хичээлийг хөтөлбөрөөс нь хасаад арваад жилийн нүүр үзжээ. Бүхэл бүтэн арван төлөөлөх харанхуй бүдүүлэгчүүдийг манай боловсролын тогтолцоо өөрсдөө бэлдээд авч л дээ. Даанч тийм байх. Саяын цуу ярианд дөчөөс дээш насныхан итгэхгүй хандлагатай байсан юм шүү. Залуус л харин бужигнаж орхилоо. Гэхдээ энэ нь тэдгээр залуусын буруу биш л дээ. Тэднийг тэгж боловсруулсан бид хийгээд боловсролын тогтолцооны маань буруу байв. “Манай эриний өмнөхөн дэлхий үүсэхэд цөм нь маш жижиг байжээ” хэмээн ярьж буй залуугийн үгийг сонсоод ихэд бухимдсанаа санаж байна. Одоо түүнийг уучлахад бэлэн байна. Аль хэдийнэ уучилчихав. Тэр залуугийн буруу биш байж. Түүнд одон орон судлалын хичээл заагаагүй юм байна ш дээ. Одоо манай залуус байгалийн энгийн үзэгдлийг ер нь юу гэж боддог юм бол? Бороо орох, салхи шуурах, солонго татах, ус урсах, үүл нүүх гээд зөндөө л юм байна. Ус мөрөн голдирлоосоо гарчихдаггүй, далай тэнгис хальчихдаггүйн учрыг ер нь ухдаг юм болов уу? Энэ талаар бодохоор цээжинд айдас хургах шиг болж байна даа.Ийм охид, хөвгүүдтэй компьютерийн ард зэрэгцэн сууна гэдэг үнэхээр аймшигтай санагдана. Компьютертэй ажиллахдаа тэд намайг дагуулахгүй нь мэдээж. Интернэтээр аялахаараа бол намайг бүр ч дагуулахгүй. Интернэт гэснээс энэ талаар хэдэн үг хэлэхгүй байж болохгүй нь. Интернэтийг гоочлох эрх надад байхгүй. Гэхдээ түүний сайн, саар хоёрыг сая л нэг шалгах шив дээ. Шуугиан тарьж, дэлхий нийтийг шуурхай дагуулдгаараа гайхалтай юм. Мэдээллийн хамгийн шуурхай хэрэгсэл нь мөн ажээ. Маргах юм алга. Монголын сурагчдын дунд хийсэн судалгаагаар мэдээллээ зурагт, интернэт хоёроос авдаг гэжээ. Авах нь авдаг ч боловсруулдаггүй бололтой. Тэгээд ч түүгээр дамжуулаад бид хойч үедээ ямар мэдээлэл өгч буйгаа эргэж харах цаг болжээ. Тэд лав танин мэдэхүйн мэдээлэл уншдаггүй юм байна. Ер нь тийм ажээ. Тэгэхээр юу үздэг байх нь вэ? Зөвхөн алаан хядаан, аймшиг там, садар самуун, солонгос сериал л хардаг юм байна. Тэгэхээр тэр дайны сэтгэх нь мэдээж л дээ. Дэлхийн сүйрлийн тухай яриа хүн төрөлхтөнийг шинэ шатанд гартал сэнхрүүлнэ гэдэг харин үнэн байж мэднэ. Тэр бол мэдээлэлдээ анхаар. Гэгээрүүлэх мэдээ чухал гэсэн үг байж магадгүй. Аймшгийн хийгээд алаантай тоглоом үйлдвэрлэдэг компаниуд уран бүтээлээ эргэж харахаа мэдэгдэв. Энийг л дэвшил гэж болох талтай санагдсаныг нуух юун. Дашрамд өгүүлэхэд “Дэлхийн сүйрэл” зарим талаар ашигтай ч байж мэдэхээр санагдав. Болдогсон бол сард нэг зарлаад баймаар хөгтэй бас зугаатай эд юм. Ядаж л жилдээ нэг. Юу гэсэн үг вэ гэж үү? Над шиг ажлын мал болсон амгалан дотортой нөхөд ажилдаа ганц өдөр боловч ая тухтай ирж мэдэх нь ээ. Автобусанд өглөөгүүр ямар чөлөөтэй байсан гэж санана. Бас бөглөрөл, түгжрэл байсангүй. Машин эрс цөөрсөн байв. Машинтай болгон хөнжил гудсаа ачиж аваад хөдөө гараад өгсөн бололтой. Өвлийн хүйтэн зочид буудалд харин яаж шүү хоноцгоосон бол оо? Дэлхий сүйрэхээс өмнө бараг осгоод явчихангаа алдаа байлгүй. Мэдээллийн хор уршиг гэж энэ л дээ. Эцэст хэлэхэд хорвоо харанхуйлах яах вэ, хориннэгдүгээр зууны хүн төрөлхтөн харанхуйлах л хэцүү байна даа. Тэр дундаа, тэнгэр заяат гэгддэг монголчууд бид.
Г.Мөнхнасан
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ