
Жүжигчин Жерар Депардьед ОХУ-ын харъяалал олгосон нь Оросын киноны урлагийн хөгжилд түүний оруулсан хувь нэмэртэй холбоотой юм гэж ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлав гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ.
“Юу гэвэл, Депардье киноны хэд хэдэн томхон төсөлд оролцож, тухайлбал Распутины дүрд тоглосон юм” гэж төрийн тэргүүний төлөөлөгч хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигийг 2013 оны нэгдүгээр сарын 3-ны үд дундад Кремлийн сайтад байршуулж, уг зарлигийн дагуу Ж.Депардье оросын иргэн болжээ. “Харъяатын тухай” хуулийн дагуу төрийн тэргүүн онцгой гавъяа байгуулсан гадаадын иргэнийг харъат болгох эрхтэй байдаг юм.
Зарлиг гарсан нь тодорхой болсны дараа оросын хоёр бүс нутгийн удирдагч жүжигчнийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ нь Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Киров мужийн захирагч Никита Белых нар юм.
Сонгуулийн үед Владимир Путины штабыг тэргүүлж байсан Оросын найруулагч Станислав Говорухин ерөнхийлөгчийн шийдвэрийг луйвар гэж хэлжээ. “Бас нэг архичин. Би гадаадынханд долигонох дургүй. Депардьегийн амьдралын тухай ярихаас ой гутаж байна” гэж оросын соёлын зүтгэлтэн “Оросын мэдээний албан”-ынханд мэдэгдсэн байна.
2012 оны арванхоёрдугаар сарын эхээр Депардье Францаас Бельгид очсон бөгөөд юу гэвэл тансаг хэрэглээний 75 хувийн татвар төлөхийг хүсээгүй юм. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ийм татвар бий болгох гэж байгаа билээ. Францын одоогийн ерөнхийлөгч нь социалистуудын төлөөлөгч бөгөөд баячуудад 75 хувийн татвар ногдуулах нь түүний сонгуулийн өмнөх амлалтын нэг байсан юм.
64 настай Жерар Депардье албан ёсоор дөрвөн хүүхэдтэй аж. Гэвч өөрийнх нь хэлж байснаар, тэр 10 эмэгтэйгээс 20 хүүхэдтэй бөгөөд зарим эмэгтэйд нь мөнгө өгч аргалж байжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ