Хорих руу ачигдсан албан тушаалтнууд хэн бэ
2013-01-13

Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс шүүгдэж гэм буруутай нь тогтоогдож аавын хаалга татсан өндөр албан тушаалтнууд хэн байв. Энэ талаархи мэдээллийг эргэн сануулья.

   Д.Батхуяг шүүгдэнэ

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг  албан тушаалын хэргээр маргааш Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд гэм бурууг нь хэлэлцэнэ.

Тэрбээр өдгөө Ганцхудаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.

Шүүгдэгч Д.Батхуягийг  албан тушаалаа ашиглан ашигт малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар бусдад олгосон гэсэн үндэслэлээр шүүх юм.

  Тодруулбал, “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийн ашиглалтын эрхийн хугацаа нь дууссан байсныг АМГ-ын байцаагчид цуцлах дүгнэлт гаргасныг  таван лицензийн дөрвийнх нь эрхийг сэргээж, нэг лицензийг АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга н.Даваацогтоор дүгнэлт гаргуулж, өөрийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан гэгчид шилжүүлсэн байна.

 Хууль бусаар шилжүүлсэн энэ лиценз нь 5261 улсын бүртгэлийн дугаартай 72000 гектар газарт 42 сая тонн нүүрсний нөөцтэй, 2010 оны үнэлгээгээр хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй  гэсэн шинжээчийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагынхан гаргаад байгаа.

                                                                    Ч.Сангарагчаа ял сонсов

Хууль бусаар ажилтнаа тагнаж чагнасан хэргээр шүүхээр яллуулсан Авилгатай тэмцэх газрын дарга асан Ч.Сангарагчаа  хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноох шийдвэрийг хоёр шатны шүүхээс гаргасан. Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 111.2, 133.1, 263.2, 273.3 дахь хэсэгт заасан таван зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн. Үүнтэй адил зүйл ангиар буруутгагдаад байсан АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдоогүй учир анхан шатны шүүх хурлаар цагаатгасан билээ. Ч.Сангарагчааг төрийн нууц задруулсан, гүтгэлгийг олон нийтэд тараасан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, төрийн албан тушаалтны албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 87.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял, 133.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар, 111.2 дахь хэсэгт зааснаар дөрвөн сар баривчлах ялаар, 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Ч.Сангарагчаад 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан шийдсэн юм.

Ингээд түүнд таван зүйл ангийн нэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, нэг зүйл ангийг өршөөлд хамруулан үлдсэн гурван зүйл ангийг нэмж нэгтгэн хоёр жил дөрвөн сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байв. ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги буюу Зайсан дахь хүүхдийн хорих ангид хуваарилагдсан тэрбээр хорих ангийн эд хогшлыг хариуцан ажиллаж байгаа билээ. Гэвч хяналтын шатнаас тэдэнд холбогдох хэргийг хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн  боловч 2-2,4 жилийн хорих ялыг нь тэнсэн харгалзах ялаар өөрчилсөн юм.

                                                            Зоос банкны захирлыг өршөөв

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм. Түүнийг  банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлөх шийдвэр гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүнийг хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ.

Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс Ш.Чуданжийгийн бусдад хохирол учруулсан 1.6 тэрбум төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн юм.

                                                       Н.Энхбаярын ялыг хөнгөрүүллээ

Улсын Дээд шүүхийн  хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох  хэргийг өнгөрөгч онд хэлэлцсэн

 МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  дээд Шүүхээс дүгнэлээ.

Харин Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгов.

Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2 жил 6 сар, Ж.Мягмаржаргалд 1 жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээсэн юм.

                                                          П.Даш давж заалдаад ял сонсчээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Даш, Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг  хэлэлцжээ.

П.Даш нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Улсын нөөцийн бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэлтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бүлэглэн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн долдугаарсарын 20-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Даш, Л.Алтангэрэл нарт тус бүр чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сарын хорих ял ногдуулсан юм.

Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд П.Даш, Л.Алтангэрэл нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилж, ялыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Уг нь анхан шатны шүүхээс П.Дашийн хэргийг өршөөлд хамруулсан боловч цагаатах учиртай хэмээн давж заалдсанаар хорих руу ачигдсан юм.

У.Хаш
Shuud.mn
Сонин хачин
dorrjjhanduu:
hohirlig nuhun toluuleechee. mongolin tor yahaaraa idsen uusan nohduudiig umguulj hamgaalj baidag bna hohirlig nugalj toluul
2013-01-14