
Нэг ч биш бүүр зургаан хүн 10 гаруй хоног хэвтэрт оржээ. Гэртээ орох гэж лифтэнд суутал суусан лифт нь доошоо нурж, ийнхүү тус лифтэнд байсан зургаан хүн тархи, нуруу, нугасандаа гэмтэл авчээ. Тус барилга нь бидний хэлж заншсанаар монгол гуравдугаар сургуулийн чанх баруун талд байрлалтай “Эко констракшн” компанийн барьж, ашиглалтад оруулсан барилга юм байна. Тус барилга сантехникийн хувьд ашиглалтад орсон цагаасаа оршин суугчдаа бухимдуулсан бол “Солонгос улсад үйлдвэрлэв” гэсэн шошготой БНХАУ-д хийгдсэн лифт нь ийнхүү удаа дараа нуран унаж, энэ удаа олон хүнийг бэртээжээ.
“Эко констракшн”-ы барилгыг хариуцах хугацаа нь өнгөрсөн, СӨХ-д шилжсэн байр хэдий ч өнөөдөр нурсан лифтнээс болж хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй, цаашдаа лифт хүүхэд, хөгшидтэй үед дахин нурахгүй, хүн бэртээж гэмтээхгүй, цаашид хүний аминд хүрэхгүй гэсэн баталгаа алга байна. Хуучин байрнуудын лифт асуудал үүсгэж байгаа энэ үед шинэ орон сууцнуудын шинэ технологийн лифтнүүд энд тэнд нурж, хүн бэртэж гэмтсээр.
Ер нь бол лифтэнд тавигдах стандарт шаардлага ч гэж манай улсад байхгүй учраас барилга барьсан болгон Хятадаас авчирсан лифт байрлуулаад Улсын комисст хүлээлгээд өгчихдөг, харин дараа нь лифт ашиглалтын хугацаа нь ч дуусаагүй байхад унаж, ард иргэдийг хохироох явдал байсаар байна. Үүний тод жишээ нь “Эко констракшн”-ы барьсан дээрх барилга дээр харагдаж байна.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ