Би найз нөхөд болон гэгээн цагаан сэтгэлээрээ баян хүн
2013-01-21

Ганбаатарын Мөнхцэцэг. Тэрээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн удган бүсгүй. Яагаад олны хайр хүндэтгэлийг хүлээсэн гэж тодотгов гэвэл өвдөж зовсон олон хүнийг өвчин зовлонгоос нь салгаж, амьдралд гундсан нэгнийг зөв замд нь хөтөлж оруулахад мэддэг чаддаг бүхнээ харамгүй зориулж яваа ухаалаг эмэгтэй юм. Зан сайтай айлд хүн их цуглана, замаг ихтэй усанд загас их цуглана гэгчээр Мөнхцэцэгийг зорьж ирэх таних танихгүй хүн олон байдгийг ярилцлага хийх явцдаа олж мэдсэн юм. Түүгээр ч зогсохгүй түүний эрхэм чанар нь хүүхэд, том хүн, хөгшин гэж ялгалгүй нэг л зангаараа харьцдаг нь сэтгүүлч надад ихээхэн таалагдсаныг нуух юун. Ингээд уншигчидтайгаа цайлган цагаан сэтгэлтэй, нүүр дүүрэн инээмсэглэсэн нүдэнд дулаахан бүсгүй Ганбаатарын Мөнхцэцэгийн ертөнцөөр хамтдаа аялъя. Түүний яриа та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. -Өөрөө их цайлган, шударга зантай юм шиг санагдлаа. Тиймээс юуны өмнө Г.Мөнхцэцэг гэж хэн болох талаар танилцуулна уу? -Баярлалаа. Би 30 нас руу алхаж яваа жирийн нэгэн бүсгүй. Нийслэлийн арван жилийн 79 дүгээр дунд сургуулийг төгссөн. Би таны дүгнэсэнчлэн шийдэмгий, цагаан цайлган сэтгэлтэй, хэлье гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг нэгэн. -Өөрийг тань би нэлээд сайн бизнесмэн гэж сонссон. Та нууц биш бол эрхэлдэг бизнесийнхээ талаар сонирхуулаач? -Намайг бизнес эрхэлдэг гээд сонсчихсон хэрэг үү. /инээв/ Би амьдралынхаа гарааг “Өгөөмөр” захаас эхэлж байлаа. Автомашинтай холбоотой бизнес эрхлээд даруй долоон жилийг ардаа орхижээ. Анх яаж бизнест хөл тавьж байсан болон ажлынхаа талаар дурсахад сонирхолтой санагдаж байна. Намайг хүмүүс удган гэж л хүлээж авна уу гэхээс бизнесийг маань сонирхож байсангүй. Тиймээс амьдралынхаа ихэнх цагийг зориулдаг бизнесийн талаар асуусанд баярлалаа. -Зүгээрээ. Таныг би бизнес хийдэг болохоор чамгүй мөнгө олдог баян бүсгүй гэж дүгнэж болох уу? -Би мөнгө цуглуулж хуримтлуулсан тийм их баян хүн биш ээ. Бусдын адил амьдралаа хөл дээр нь босгох гэж зүтгэж явна даа. Харин намайг юугаараа баян бэ гэвэл би шууд л найз нөхөд болон гэгээн цагаан сэтгэлээрээ баян хүн гэж хариулна. Энэ утгаараа би дандаа сайн сайхан зүйл мөрөөдөж явахыг хичээдэг. -Та онгодоо хэзээ авсан бэ. Миний бие өмнө нь Мөнхцэцэг гэж чадалтай, сайн удган байдаг гэж дуулж байсан юм байна? -Би цэвэр халх удган. Сахиусаа аваад зургаан жил болж байна. Намайг бүр багаасаа зөн совинтой хүүхэд болох нь мэдрэгдээд байсан гэж аав ээж, ойр дотныхон маань хэлдэг юм. -Ихэнх бөө, удган ярьдаг л даа. Өвдөөд бөө, удган болсон гэж. Өөрийн чинь хувьд яагаад удган болчихов? -Өвдөж зовлоо гэх нь хаашаа юм. Миний амьдрал нэг л тэгш биш болоод байсан. Тэгээд манай эгч эрж хайн сураглаж байгаад Мөнхжаргал гэдэг сайн багшид шавь оруулсан. Манай багш их чадварлаг удган бөгөөд 100 гаруй шавьтай. Иймээс багшаараа бахархаж, баярлаж явдаг гэдгээ хэлье. -Та хүнийг хараад шууд хэлдэг үү. Зарим бөө, удган нар үйлчлүүлж байгаа хүнээ долоон хоногийн настай, яг одоо үхнэ гэх мэтээр хэлж сэтгэлийн цочролд оруулдаг гэсэн яриа байдаг. Энэ талаар та удган хүний хувьд бодлоо хуваалцахгүй юу? -Таны өмнөхөн над дээр намайг мэргэн түргэн хүн долоо хонохгүй үхнэ гэсэн. Та үзээд өгөөч гээд их сэтгэлээр унасан байдалтай нэгэн хүн зорьж ирж асуусан. Хүн сэтгэлийн “амьтан” учраас үхнэ энэ тэр гээд цочирдмоор үгийг шууд хэлж болохгүй. Миний бодлоор бөө, удган нар ядарсан хүнийг зовлонгоос нь ангижруулах гэсэн нэг л зорилготой байх ёстой. Тэгээд ч засал авдаггүй, зовлон нь дуусдаггүй хүн гэж байхгүй шүү дээ. -Тэгвэл таны увидас шид юу вэ? -Би хүний нүдийг хараад амьдралыг нь уншдаг. Хүний нүд тухайн хүний бүх зүйлийг хэлж чаддаг гайхалтай зүйл байгаа юм. Тиймээс би уулзаж байгаа хүнийхээ харцыг нэлээд шинждэг л дээ. -Уучлаарай таныг хэлж байгаа юм биш шүү. Ер нь бөө, удган нар өндөр өртөгтэй үзэхээс гадна шавь төрүүлж их мөнгө халаасалдаг гэдэг. Ингэхэд өөрт тань шавь бий юу? -Миний хувьд бол тогтсон өндөр мөнгөн дүн гэж байхгүй. Сүү бариад орж ирээд үзүүлсэн ч тэр бол өглөг. Өглөгт их бага гэсэн хэмжээ байхгүй. Сэтгэлээсээ өгч байгаа бүхнийг би их бага гэж ялгалгүй сэтгэлээсээ ханддаг. Ер нь зарим бөө, удган нар нэрээрээ бизнес хийж яваа гэх мэдээлэл чих дэлсдэг. Тиймээс үүнийг бизнес болгох ёсгүй. Товчхондоо хэлэхэд сахиусаараа мөнгө олж яваа бөө, удган бол тийрэн орчихсон яваа хүмүүс гэхээс өөр хэлэх үг алга даа. Бид одоо 33-уулаа. -33 шавьтай гэсэн үг үү? -Тийм ээ. -Ингэхэд шавь нараа яаж сонгодог юм бэ. Шавь тань болъё гээд зориод ирсэн болгоныг шавь болгодог юм уу? -Хаанаас даа. Онгод тэнгэртэйгээ уулзуулж зөвшөөрсны эцэст шавиа болгож авдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь их нарийн дэг жаягтай. Миний 33 шавь хоорондоо холбоотой. Муу явж байгаа нэг ч хүн алга. Бүгд хүний төлөө сэтгэл зүрхээ хоёргүй сэтгэлээр зориулж явна. Тодруулбал, миний шавь Ш.Даваасүрэн над дээр ирэхээсээ өмнө гурван жил унаж татдаг өвчин их ороомтгой нэгэн байсан. Харин онгодоо аваад одоо тэрбээр хүнийг өвчин зовлонгоос нь салгаж байна. Мөн хүнд долоо хутгалуулаад амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан шавь Мягмар-Эрдэнэ маань онгодоо аваад одоо үр хүүхдүүдтэйгээ сэтгэл өөдрөг хангалуун сайхан амьдарч бусдын төлөө мөн л буян үйлдэж явна. Ингээд яриад байх юм бол 33 шавь маань бүгд хэлэх ярих зүйлтэй өөдрөг сайхан амьдарч яваад багш хүний хувьд сэтгэл хангалуун байдаг шүү. -Онгод тэнгэрээсээ шавь болох хүнээ эхлээд асуудаг гэлээ. Ер нь тэнгэр шүтлэгийн талаар та ямар бодолтой явдаг вэ? -Тэнгэр гээд яривал мөн л их зүйл хэлж болохоор байна. Даанч цаг, сэтгүүлийн хуудас хүрэлцэхгүй. Тэнгэр өөд харахад цэлийгээд нэг зүйл харагддаг. Гэтэл тэр тэнгэр маань бүгд өөр өөрийн гэсэн тус тусдаа нэртэй зүйл оршиж байдаг. Жишээлбэл, бид Дархан-Уул, Орхон, Булган гээд аймгуудыг хуваан тус тусад нь нэрлэдэг. Тэр бүх аймаг өөрийн гэсэн газар нутагтай байдаг. Түүнтэй адил энгийнээр ойлгоход тэнгэр гэдэг маань бүгд дотроо хуваагдсан өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Эрүүл мэндийн тэнгэр, эд баялгийн тэнгэр гэх мэтээр хуваагддаг л даа. Тиймээс тухайн үзүүлж байгаа хүний юу болохгүй байна гэдгийг хараад ажил үйлс бүтэхгүй байвал түүнийг даатгадаг тэнгэрт өргөл өргөдөг. Энэчлэн бүх тэнгэртэй холбогдсоны үндсэн дээр засал номоо хийдэг. -Шавь оруулахад өөрөө хэдэн төгрөг халаасалдгаа хэлээгүй юм байна шүү дээ. -Надад албадуулж шавь орсон хүн нэг ч байхгүй. Харин багштай байхын учир бол улаач хүн өөрийгөө засч чаддаггүй. Ийм болохоор анхнаасаа л багшаа зөв сонгох хэрэгтэй юм. Мөнгөний тухайд гэвэл шавь орж байгаа хүнээсээ би 500 мянган төгрөг авдаг. Тэгээд ч би ганцаараа шавь төрүүлдэггүй. Чанамалсан гурван хүн нийлж байж шавьтай болдог. Манай найз, миний бөө ах бид болвоос тулгын гурван чулуу. Үүнийг л чанамалсан гээд байгаа юм шүү дээ. Нөгөө шавийн өгсөн мөнгөө гурав хуваадаг. Мөн гурав хуваасан мөнгөнөөсөө түшээ, болон тусалсан хүндээ бас өгдөг. Гол нь их мөнгө авахдаа биш байгаа нь эндээс харагдах биз. -Гадаадаас зорьж ирж бөө, удган нарт шавь ордог тохиолдол цөөн байдаг байх. Танд Өвөрмонголоос хүртэл зорьж ирж шавь орсон гэл үү? -Тийм ээ. Урнаа эгч маань намайг сураглаж, зорьж байгаад ирж сахиусаа авсан. Сахиусаа авахаас өмнө сэтгэлийн асар их өөрчлөлтөд орсон байсан. Харин сахиусаа аваад бие нь бүр мөсөн эдгэсэн. -Анхны шавиа хэрхэн удган болгож байсан түүхээсээ ярихгүй юу? -Анхны шавиа албинд дайруулаад учраа олохгүй нэлээд сандарч байлаа. Анхны юм алдаа оноотой гэдэг тэр байх. Албинд дайруулсныг нь мэдэхгүй архи нэхээд байна гэж ойлгоод бид зүгээр л жов жов, зайлаач гэж гурван зэрэг манжигдаад байсан л даа. Учир нь тэр үед шавьтай болъё гэж бодоогүй байтал бидэнд л шавь орно гээд тухайн хүн маань гурван сар салахгүй дагасан. Сахиус болохоор шавьтай болох болсон гээд байдаг байлаа. Ингэж бид хөгжилтэйхэн түүхтэйгээр анхны шавьтай болж байлаа. Одоо тэр шавь маань мөн л хүн ардынхаа төлөө зүтгээд сайн явж байна. -Шавьтай болох анхны ёслол ярих хэлэх зүйлээр өрнүүн болжээ. Өөр сонин зүйл юу байв? -Анхны шавийн ёслол болох гээд шүүс бэлтгэв. Гэтэл нөгөө шүүсны сүүл, чөмөг өвчүү алга болчихсон байсан. Ёслол болох гээд байдаг дутуу зүйлтэй хийж болохгүй гээд дахиж чанасан л даа. Гэтэл маргааш нь шавийн ёслол болоод галын зураг автал аппарат нөгөө алга болсон сүүл, өвчүү, чөмөг гал дотор байгаа нь ил гарсан байсан. Бид тэгээд галын бурхан авах ёстой зүйлээ авчээ гэж бодоод өнгөрсөн. Гэтэл хорь гаруй удаа шавийн ёслол хийхэд тийм зүйл дахиж тохиолдоогүй. Сонин байгаа биз. -Тийм байна. Ингэхэд хамгийн залуу болон хөгшин шавийнхаа насыг хэлэхгүй юу? -Анхны шавь маань 41 настай байлаа. Харин ахимаг нь 53, залуу нь 18 настай. -Одоо үед бөө нар өмссөн өмсгөл зүүсэн эдлэлээрээ өрсөлддөг болж. Олон тоноглолтой, хувцас сайтай хүн сайн бөө, удган байна гэж үзэх нь зөв үү? -Ингэж ойлгох нь буруу. Өмсгөл нь улаач хүний хамгаалалт. Ер нь өмсгөлөөрөө өрсөлдөх нь утгагүй л дээ. -Дээж их өргөдөг үү? -Өглөө болгон дан цай чанаад бүгдээр нь дээжээ өргөдөг. Аав ээж, ах дүү, шавь, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өргөдөг дөө. -Та ярианыхаа туршид хүн сунаж мөргөх хэрэгтэй гэж олон дахин ярилаа. Үүнийгээ тодруулахгүй юу? -Тиймээ, хүн болж өгвөл сунаж мөргөж байх нь чухал. Түүн шиг сайн зүйл байхгүй. Учир нь хүний суганд муу муухай зүйл оршдог. Нэг гараа зүрхэн тушаа газраа тавиад дээж өргөхөд хүртэл сайн. Мөн суга нь дээшээ өргөгдөж байгаа болохоор тэр. Манай настангууд сунаж мөргөхийн гайхамшгийг мэддэг болохоор л гандан хийдийг зорьж байнга сунаж мөргөдөг байсан. Миний бодлоор орон нутгаа аргадаж өргөл өргөж байгаа хүн хэзээ ч муу явахгүй. Учир нь бидний гишгэж байгаа газар болгон эзэнтэй. Тийм учраас төрсөн газар нутгийнхаа нэрийг сайн мэдэж дээж өргөж байх нь ээлтэй сайн. -Өөрийг чинь зорьж ирэх хүн нэлээд олон юм. Тухайн хүмүүс өөрийнхөө ноён нурууг асуухаас гадна аура төвөөр тань их ирэх юм. Эл энергийн төвөө хэзээ байгуулав. Хүний ер нь юуг нь үздэг юм бэ? -Сөрөг харилцаа, орчин, үйлийн үр, өөрийн хийсэн муу үйлүүд зэргийг компьютерийн тусламжтайгаар оношилдог юм. Байгуулаад дөрвөн сар болж байна гэхэд овоо үйлчлүүлэгчидтэй болоод байна. /инээв/ -Сая нэг үйлчлүүлэгч сайн тайлбарлаж өгдөг эгч байна гээд их сэтгэл өөдрөг гарч байхыг харлаа. Өөрөө удган болохоор аураг нь тайлж уншихад нэлээд давуу талтай юм биш үү? -Манай үйлчлүүлэгчид сайн тайлбарлаж өглөө гээд сэтгэл хангалуун гардаг нь үнэн. Энэ нь удганы маань сахиустай холбоотой байх. Тэгээд ч сурсан мэдсэн зүйлээрээ бусдад тус хүргэж, өвчин зовлонгоос салгаж өгөх нь миний туйлын зорилго гэж ойлгож болно. -Тэгвэл энерги гэж юу юм бэ? -Энерги гэдэг нь эрч хүч, эрүүл мэнд, инээд, баяр баясал, элбэг хангалуун, аз жаргалтай амьдралыг тэтгэгч хүч юм. -Тэгэхлээр аура төвийн оношилгоо үүн дээр үндэслэгддэг хэрэг үү? -Энергийн алдагдал болон одоо байгаа хэмжээ, энергийн долоон хурдны тухай, гадны сөрөг нөлөөллүүд, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн мэдээллүүд ерөнхийдөө уншигдана. Энерги алдагдах, нөхөн сэргээх талаар заавар зөвлөгөө өгнө. Тухайн хүний наслалтын талаар ч бас хэлж өгдөг юм. -Зарим хүн муухай зүүд зүүдэлж хар дараад амарсангүй гэдэг. Муухай зүүдээсээ цэрвэх ч тохиолдол байдаг. Ер нь муу зүүдийг сэтгэлээсээ хэрхэн гарган хаяж болох вэ. Энэ талаар Та манай уншигчдад энгийн зөвлөгөө өгнө үү? -Түлээн дэх модноосоо савхны хэлбэртэйг аван зүүдэлсэн муухай зүүдээ шивнэн хугална. Хугалсан баруун гарт байгаа модоо зүүн зүг рүү, нөгөө гарынхаа модыг баруун зүг рүү хаях хэрэгтэй. Муу зүүд энэ модтой хамт сарниж алга бол гэж амандаа шивнэж домнон хаяснаар тухайн хүний сэтгэлээс муу бүхнийг гарган хаяж байгаа нь тэр. -Тэгвэл энэ аргыг гал түлдэггүй байранд амьдардаг хүмүүс яаж хийх вэ? -Шүдэнзний мод хугалаад энэ домыг хийж болно. Ер нь хүн унтаж амрахдаа гар утсыг хол байлгах хэрэгтэй. Гар утас хүний энергийг сордог муу талтай. -Хүн юунаас алдагдсан энергиэ нөхөж болдог юм бэ. Энгийн жишээ хэлэхгүй юу? -Хоолноосоо энерги авч болно. Идэж байгаа хоолоо голохгүй идэж энерги авах хэрэгтэй. Мөн дээр нь бясалгал хийж болно. Ер нь хүн уужуу тайван сэтгэлтэй байх юм бол энерги нөхөгдөх боломжтой. Уурлаад бухимдаад байвал энергиэ алдаад л байна шүү дээ. -Хүн ямар заслыг заавал хийлгэх ёстой байдаг юм бэ? -Гал болон усан заслыг заавал хийлгэх ёстой. Энергийн заслыг бид энэ хоёроор хийдэг юм. Энергиэ өөрөө үздэг болохоор тухайн хүнд засал хийхэд дөхөмтэй байдаг л даа. Гэхдээ аура төвд хандсан хүмүүс дан ганц надаар засал хийлгэх албагүй, хэнээр ч засал хийлгэж болно. Гол нь алдагдсан энергиэ цаг алдахгүй нөхөж авах хэрэгтэй. -Энергийн алдагдалгүй хүн гэж байх уу. Өнөөгийн нийгэм тэр аяараа бухимдалтай байна шүү дээ? -Байлгүй яахав. Цагаахан сэтгэлтэй хүмүүс энергийн алдагдалгүй байдаг. -Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ? -Аавыг маань Я.Ганбаатар, ээжийг маань Ч.Мөнхжаргал гэдэг. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж хоёроороо их бахархдаг. Хоёулаа Архангай аймгийн уугуул. Бид аав ээжээсээ долуулаа. -Ээжийгээ сайн ойлгож дэмждэг хоёр хөөрхөн хүүтэй гэсэн. Ээжийнхээ хайрыг татсан хөвгүүдээ манай уншигчдад танилцуулахгүй юу? -Би хоёр сайхан ханагар эртэй хүн. Миний хоёр хүүг Мөнхгэрэл, Мөнххүслэн гэдэг. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн дөрөв, тавдугаар ангид суралцдаг. Ээжийгээ үргэлж баярлуулдаг хоёр хүүдээ маш их хайртайгаа энэ дашрамд хэлье. Миний хоёр хүү удахгүй эрийн цээнд хүрч ээжийгээ баярлуулах болно. Ийм хөөрхөн хоёр хүүтэй болохоор л ээж нь үргэлж сэтгэл тэнүүн явдаг юм шүү дээ. Ярилцсан Б.Даариймаа Эх сурвалж “ТВ 7 хоног” сэтгүүл
Shuud.mn
Сонин хачин
Turuu:
Зарим нь сайн үйл хийж байгаа ч юм билүү яаж мэдхэвдээ
2013-03-22
dogi:
medehgvi bj olon yum yarij bha bolimoor yumaa ene hvmvvs ern bol ooroo ooriigoo l hvn hicheej yawah n dr shde hulhi yadag yadg ch genvv bi ene hvn dr ochij bsn auragaa vzvvlsen henii ch medehgvi minii nuutsiig helj l bsn ingj end medrelthiin orond hulhi yumuu business yumuu ooroo ochood nvdere vzehgvi yu awtobusnii mongogvi bol bi daguulaad ochij bolno
2013-03-20
hulhinii garuudiil 1 bn do
2013-01-21