Коморовски: Бид Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээх ёстой
2013-1-22

Монгол, Польшийн Ерөнхийлөгчид мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски нар харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа мэдээлэл хийлээ.БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморoвски хэлэхдээ “Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж манай улсад төрийн айлчлал хийж буйд гүн талархаж байгаагаа илэрхийлье. Монгол-Польшийн харилцаа олон жилийн түүхтэй бөгөөд бид өдгөө харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, ар;чиллыг бэхжүүлэх үйл явцад хамтран оролцож байна. Манай хоёр улс ижил үнэт зүйлтэй, ижил хувь тавилангаар урагшлан хөгжиж байгаа гэж хэлж болно. Ардчиллын замаар хамтдаа хөгжих нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө манай улсын ардчиллын түүчээлэгчдийн нэг Лех Валенсатай уулзсан нь үүнийг илтгэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалаараа манай улсын түүхэн дэх шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэл болсон түүхэн газар Гданьскд зочлох гэж буйд бид баяртай байна. Монгол, Польш улсуудын аль аль нь эрчимтэй хөгжлийн замдаа ороод байна. Бид Монголын эдийн засгийн хөгжлийн хурдцыг анхааралтай ажиглаж, бас бахархаж байна. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын идэвхтэй үйл ажиллагаагаар хоёр улсын хоорондох харилцаа улам бүр шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж өнөөдөр үзэглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүд болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн оролцож байгаа бизнес форум нь хоёр улсын хоорондох хөгжилд ихээхэн ахицыг бий болгоно гэж бодож байна. Хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүү сайн хөгжүүлэх гарц нь Улаанбаатар хотноо Польшийн ЭСЯ-ыг сэргээх явдал юм. Мөн Монгол Улсад зочлох урилга авсандаа их баяртай байна. Намайг Монгол Улсад зочлон очиход бидний өнөөдрийн хамтын ажиллагааны амлалтууд үр дүнгээ олсон байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовскийн урилгаар танай улсад Төрийн айлчлал хийж буйдаа туйлын баяртай байна. Монгол, Польш улсууд өнө эртний харилцаатай ард түмнүүд. Манай хоёр орны хооронд үнэт зүйлсийн гайхамшигтай холбоо байдаг. Польшийн ард түмэн эрх чөлөө, ардчиллын төлөө ХХ зуунд маш том сонголт хийж, дэлхийн түүхийг эрх чөлөөний чигт өөрчлөхөд түүхэн гавъяа байгуулсанд манай ард түмэн маш их талархаж явдгийг энд хэлэх нь зүйтэй. Одоогоос хорь гаруй жилийн өмнө Монгол Улс Төв Азийн гүнд эрх чөлөөний сонголт хийх гэж байхад, 1990 онд Польшийн хэсэг төлөөлөгч Монголд зочлон бидэнтэй эрх чөлөөний төлөөх туршлагаасаа хуваалцаж байсанд бид талархдаг.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа шинэ төвшинд гарна гэдэгт би эргэлзэхгүй байгаагаа онцлон хэлье. Бид Польш улсыг гуравдагч хөрш, Европын холбооны бүс нутагт байгаа манай найдвартай түнш гэж үздэг. Өнөөдөр болж буй хоёр улсын бизнес эрхлэгчдийн форумд Польшийн талаас 170 гаруй байгууллага оролцохоо илэрхийлсэн нь бидний өмнө харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ямар их ирээдүй байгааг илтгэж байна. Мөн манай хоёр орны цэргүүд дэлхийн халуун бүсэд энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй, хамтран гүйцэтгэж явсан. Эдийн засаг, боловсролын салбар болоод бусад салбарт хамтын ажиллагаагаа илүү хурдацтай хөгжүүлнэ гэж бодож байна. Эрхэм Ерөнхийлөгч Коморовски таны хоёр орны хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хүчин зүтгэлд дахин талархаж буйгаа илэрхийлье” гэлээ. Ийнхүү хоёр орны төрийн тэргүүнүүд мэдээлэл хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Варшав хотноо, Пилсудскийн талбайд орших Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунханд хүрэлцэн ирж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж Энхийг сахиулах хүчинд алба хааж байсан Монгол, Польшийн цэргүүдтэй уулзсан юм.
Shuud.mn
Сонин хачин