Хамгийн том тавагтай хоол Гиннесийн номд бичигдэв
2013-02-16

Коста-Рика улсад суугаа хятадын иргэд цагаан сарын баяраараа дэлхийн хамгийн том тавагтай хоолыг хийжээ. Тэд энэ гайхалтай хоолоо дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номд бичүүлсэн юм. Ингэснээрээ Коста-Рикад хятадуудын тусламжтайгаар дахин нэг дээд амжилт тогтлоо. Коста-Рикачууд өмнө нь гурван төрлөөр дэлхийн дээд амжилтын эзэд болсон. Үүнд дэлхийн хамгийн том бул чулуунууд болон хамгийн олон хүн нэг дор ам зайлагч хэрэглэсэн зэрэг амжилтууд багтдаг ажээ. Шинэ амжилтыг тогтоосон энэ хоол нь дэлхийн хамгийн том будаатай хуурга болж байгаа бөгөөд нийт 1.3 тонн жинтэй болжээ. Уг хоолыг хийж дуусгахад 35 зоогийн газрын 52 ахлах тогооч, 20 туслах тогооч оролцож, 2.5 метр диаметр тавагтай будаатай хоол бэлдсэн байна. Мөн хоолыг хийж дуусгахад нийт зургаан цаг зарцуулжээ. Дэлхийн дээд амжилтууд буюу Гиннесийн амжилтуудыг бүртгэх төлөөлөгчид хоол хийж эхлэхээс дуусах хүртэл бүхий л үйл явц, орц найрлагыг нарийн ажигласан байна. Энэ гайхалтай том тавагтай хоолоор нэг дор 7000 хүнийг хооллох боломжтой гэж хоолыг хийсэн хүмүүс сайрхжээ. Идэхийг хүссэн хүмүүс ч урт дараалал үүсгэсэн байна. Хятад болон Коста Рикагийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Изабель Янг дэлхийн дээд амжилтын гэрчилгээгээ баяртайгаар гардан авсан юм. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин