Хөрөнгө оруулагчид чуулж байна
2013-02-21

Уул уурхайн салбарыг дэмжсэнээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд маш том түлхэц болнг хэмээн эрх баригчид үзэж буй. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниуд, хөрөнгө оруулагчид хамтран тус салбарын асуудлаар хэлэлцэх зорилготой “Coal Mongolia 2013” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт  “SS convention center”-д өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг уул уурхайн нэгдсэн сан MINING.MN сайтаас санаачлан гуравдахь жилдээ зохион байгуулж байгаа  аж. Энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой аж. Энэ удаагийн чуулга уулзалтаар үндсэн долоон сэдвийн хүрээнд буюу Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, нүүрсний зах зээл ба Монголын өрсөлдөх чадвар, Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчны хэлэлцүүлэг, Эрчим хүч дэд бүтэц, Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, “Засгийн газрын цаг” хэлэлцүүлэг гэсэн сэдвүүдийн дор хоёр өдрийн турш хэлэлцэх нь. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл санаа, эрчим хүч болон коксжих нүүрсний шинэ төслүүд, техник технологийн шинэчлэл, дэд бүтэц, төмөр замын сүлжээ, тээвэрлэлт, байгаль орчин, нөхөн сэргээлт, усны менежмент зэрэг тулгамдсан асуудлыг хөндөх юм. Чуулга уулзалтын үеэр  зохиогдож буй үзэсгэлэнд уул уурхайн салбарт ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг дэлхийн нэр хүндтэй уул уурхайн компаниуд болон монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож байна. Мөн уул уурхайн салбарын боловсон хүчний мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, дадлага эзэмшүүлдэг Говьсүмбэр аймгийн Техникийн коллеж, Австралийн хөрөнгө оруулалтай “Олон улсын техникийн коллеж” уул уурхайн салбарын ажилтан албан хаагчдын хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар дадлагажуулдаг байгууллагууд уг үзэсгэлэнд оролцож байна. Энэхүү чуулга уулзалтаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Пийбоди Энержи”-гийн Монгол Энэтхэгийн хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд “Дэлхийн нүүрсний чиг хандлага болоод Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлэх” зэрэг  24 илтгэл тавих юм. Мөн нүүрсний салбартаа дэлхийд тэргүүлэгч эдийн засгийн шинжээчид чуулганд оролцох төдийгүй “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон Далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран Хятадын нүүрсний зах зээл монголд хэрхэн нөлөөлөх талаар судалгааг танилцуулах аж. Нүүрсний салбарын тулгамдсан асуудал төдийгүй сүүлийн үед маргаан дэгдээгээд буй төмөр зам дэд бүтцийн талаар Төмөр замын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ,БНХАУ-ын төмөр зам сүлжээ, Монголын газар нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтийн талаархи бодлогыг танилцуулна. Чуулганд оролцогчид энэ сарын 23-ны өдөр Монголын нүүрсний хамгийн том уурхай болох “Mongolian Mining Corporation”-ы Ухаа худаг, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Тавантолгой төслүүдтэй танилцах аялал зохион байгуулах аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин