Д.Нанзаддорж: Нийслэлд гурван цэгт дугуйн зам барина
2013-02-25

Нийслэлд энэ онд хэрэгжих авто зам,  замын байгууламжийн ажлын ерөнхий төлөвлөгөө гарсантай холбогдуулан дугуй, гүйлтийн зам тавих ажил хэрхэн тусгагдсан талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодруулав. -Нийслэл энэ онд хэд хэдэн дугуйн зам тавихаар төлөвлөөд байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Нийслэлийн Засаг дарга энэ асуудалд онцгой анхааран ажиллах үүрэг өгсний дагуу энэ жил гурван газарт дугуйн зам тавихаар төлөвлөсөн. Эхнээсээ зураг төслийн ажлууд нь эхлээд байна. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 800 метрийн урттай, 2.5 метрийн өргөнтэй дугуйн зам тавьж, замын хоёр талын гэрэлтүүлгийг давхар шийдэхээр төлөвлөсөн байгаа. Мөн Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт буюу 10-р хорооллын арын даланг шинэчлэн ашиглах замаар, Хан-Уул дүүрэгт Дунд голын замыг засч тохижуулснаар дугуйн зам тавих юм. Харин дээрх хоёр дугуйн замын зураг төслийн ажил төлөвлөгөөний дагуу удахгүй хийгдэнэ. Үүний дараа хэдэн метрийн  урттай зам тавигдах нь тодорхой болно. -Эдгээр дугуйн замын ажилд хэдэн төгрөг төсөвлөгдсөн байгаа вэ? -Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд 934 сая төгрөг төсөвлөгдсөн. Үүнд замын ажлаас гадна гэрэлтүүлгийн ажил мөн багтсан байгаа. Харин нөгөө хоёр замын хувьд  эхний ээлжинд  зураг төслийн ажил хийгдэх учиртай. Энэ зураг төсвийн ажилд нийт 12.5 сая төгрөг төсөвлөгдсөн. Ерөнхийдөө дугуйгаар явах, явган хүн гүйх, алхах зориулалтын ийм зам байгуулахад нэг тэрбум төгрөг төсөвт тусгагдаад байна. -Нийслэлийн иргэд тэгэхээр хэзээ дугуйн замтай болно гэсэн үг вэ? -Хоёр замын хувьд зураг төсвийн ажил хийгдэж бэлэн болсноор нэг тэрбум төгрөгийн зам барилгын ажил эхэлнэ. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зам гүйцэтгэх компанийн ажил эхлэх шатандаа явж байгаа. Төлөвлөгөөний дагуу гурван газарт тавигдах дугуйн зам энэ жилдээ багтаж ашиглалтад орно. -Дугуйн болон гүйлтийн замыг хотын төвийн зам дагуу тавих боломж байхгүй юм уу. Ер нь манайханд дугуйн зам тавих туршлага хэр байна  вэ? -Замбараагүй хот төлөвлөлтийн балгаар төв зам дагуу дугуйн зам тавих боломж бидэнд байхгүй байна. Явган хүний замаа ч шийдвэрлэхэд бэрх байгаа.Харин энэ жил  нийслэлийн зүгээс үүнд анхаарлаа хандуулж, дээрх гурван газарт бүтээн байгуулалтын ажлыг хийх гэж байгаа юм. Дараа дараагийн төлөвлөгөөнд ч мөн тусгаж хэрэгжүүлж ажиллана. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин