
Хоёр сарын турш Куба улсад хорт хавдрын эмчилгээ хийлгэсэн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн. Хэдийгээр амь насанд нь халтай аюулт өвчнийг эдгээсэн боловч амьсгалын халдвараар дахин өвчилж биеийн байдал нь төдийлөн сайжирч чадахгүй байгаа. Харин өнөөдөр тус улсын засгийн газраас ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдлын талаар албан ёсны мэдээл хийсэн байна. Энэ мэдээлэлд ерөнхийлөгч хэдийгээр эмчилгээгээ хийлгэж эх орондоо ирсэн байгаа ч түүний биеийн байдал сайжирч чадахгүй байгаа тухай байсан юм.
Хорт хавдрын эмчилгээний дараа Уго Чавесийн амьсгалын эрхтнүүдийн үйл ажиллагаа сэргэж чадаагүйн дээр амьсгалын халдвар авсан нь түүний бие сайжирч чадахгүй байгаагийн томоохон шалтгаан болж байгаа. Чавес эх орондоо ирснээс хойш Каракас хотын Карлос Арвелогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүнийг одоогийн байдлаар гэр бүлийхнээс нь гадна дэд ерөнхийлөгч Николас Мадуро, Үндэсний ассамблейн дарга Диосдадо Кабельо нар эргэж очсон аж. Ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндэд сэтгэл зовнисон иргэд нь засгийн газраас ирэх мэдээллүүдийг чих тавин чагнаж байгаа. Зарим эх сурвалжуудад түүнийг төрсөн нутагтаа амьсгал хураахаар ирсэн, бараг эмчилгээгүй болсон зэргээр мэдээлж байгаа нь олон нийтийг нэлээд сандаргаад авчээ.
Хэрэв Уго Чавес ямар нэгэн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх, түүгээр ч үл баран таалал төгсөх юм бол түүний ажлыг “Одоогийн Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро түүнийг орлох чадвартай гэж Чавесийн найз Эквадорын ерөнхийлөгч Рафаэль Корреа хэлсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ