
Өнгөрсөн жил домогт “Титаник” хөлөг онгоцны хувилбарыг бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан Австралийн тэрбумтан Клайв Палмер Нью-Йорк хотод шинэ усан онгоцныхоо зураг, төслийг танилцуулсан бөгөөд далай гатлагч шинэ супер хөлөг онгоц болох “Титанин II”-оор 2016 онд анх зорчихын төлөө нэг сая доллар төлөх боломжтой хүмүүс цөөнгүй бий гэдгийг онцолсон байна.
Их Британиас АНУ-ыг зорих зургаан хоногийн аяллын тийз ямар үнэтэй байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хөлөг онгоц 270 метр урттай байх бөгөөд 40 мянган тонн жин татна. Нийтдээ 850 өрөө тасалгаатай “Титаник II” 2600 зорчигчийг тээвэрлэх чадвартай бөгөөд тэдэнд багийн 900 гишүүн үйлчилгээ үзүүлнэ.
Хөлөг онгоцон дээр 18 аврах завь байх гэнэ. Бүх зорчигчид тэдгээрт хангалттай багтах юм. Гадаад байдал, хэлбэрээрээ шинэ хөлөг онгоц 100 жилийн тэртээ живсэн домогт усан онгоцноос огт ялгарахгүй гэнэ. Харин дотор нь бага зэрэг өөрчлөлтүүдийг хийжээ. Орчин үеийн тав тухтай байдлыг хангагч агааржуулагчууд суурилуулагдана.
Мөн зорчигчид хөлөг онгоцон дээр интернэт ашиглах боломжоор хангагдаж мэднэ. Гэхдээ тэрбумтан эр үүний эсрэг байгаа аж. Аяллын үеэр сайхан амрахыг тэр чухалчилж байна. Өрөөнүүдэд мөн зурагт тавихгүй юм. Бүх зорчигчид тэр үеийн уур амьсгалыг мэдрэхийн тулд ХХ зууны эхэн үеийн загвартай хувцас, өмсгөл өмсөх аж. Тэдгээрийн үнийг тийзний үнэд шингээж өгөх юм.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ