
Австрали улсын цагдаа нар Хятадаас тус улс руу нийлүүлэх гэж байсан их хэмжээний хар тамхийг илрүүлсэн тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилж байна. Энэ удаагийн үйлдлээр 585 кг хар тамхи илрүүлсэн нь Австралийн түүхэнд хамгийн их хэмжээгээр хар тамхи зөөвөрлөсөн хэмээн тэмдэглэгдэж байна.
Үүнийг мөнгөн дүнгээр харьцуулан үзвэл 448 сая ам.долларын үнэ хүрч байгаа аж. Харин энэ хэргээс өмнө өнгөрсөн долдугаар сард 306 кг хар тамхи хилээр гаргахаар завдаж байв.
Их хэмжээний химийн бодисуудын хамтаар ховор хэд хэдэн төрлийн мансууруулах бодис байсан гэнэ. Цагдаа нар нийт 38 ширхэг битүүмжилж багласан хар тамхийг илрүүлжээ.
Энэ хэргийг гурван эр үйлдсэн бөгөөд тэд Австрали, Сингапур, Хонконгын пасспорттой байжээ. Цагдаа нар тэдгээр залуусыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж таамаглаж байгаа. Тэднийг бүх насаар нь хорих ял хүлээж байгаа болов уу гэж хэвлэлүүдээр бичиж байна.
Австралид энэ төрлийн бизнес сүүлийн жилүүдэд ихээхэн дэлгэрэх хандлагатай байгаа гэнэ.
Э.Мөнхнасан