Цасанд боогдсон зам давааг нээхээр ажиллаж байна
2013-02-28

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын даргын шийдвэрийн дагуу Зам тээврийн яамны харьяа Тээврийн хэрэгсэлийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас өчигдөр өглөө 08.00 цагаас өнөөдөр өглөөний 08.00 цаг хүртэл Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг 11 аймгийн 20 чиглэлийн 1762 зорчигч, нийтийн тээврийн 52 бага, дунд, том оврын автобусны хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ. Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан зэрэг долоон аймгийн 9 суманд 10 удаагийн дуудлагаар Онцгой байдлын албаны 65 албан хаагч ажиллаж, нийт 136 иргэний аюулгүй байдлыг хангаж, 22 автомашиныг цаснаас татаж гаргасан байна. Завхан аймгийн Сонгино сумын нутаг, “Дөрөлжийн нуур” гэдэг газар цас их орсны улмаас зам хаагдаж, олон тооны тээврийн хэрэгсэл цасанд суусан мэдээллийн дагуу аймгийн Онцгой комиссоос 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, улсын болон орон нутгийн чанартай зам давааг онгойлгох, Түдэвтэй, Сонгино сумдад Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ЗИЛ-131, ГАЗ-66 автомашиныг түр хугацаагаар байрлуулах, сумдад өвс тэжээл хүргэх ажлыг дуусгах, АЗЗА ХХК-д орон нутгийн зам давааг яаралтай онгойлгох ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин