Булш сүйтгэсэн этгээдүүдийг баривчилжээ
2013-03-11

Говьсүмбэр аймгийн Боловсрол соёлын газраас цагдаагийн байгууллагад хандан  өнгөрөгч сард тус аймгийн дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Цагаан эрэг” гэх газарт байсан булш, хиригсүүрийг үл таних этгээдүүд ухаж сүйтгэсэн талаар мэдээлэл ирүүлжээ. Эл мэдээллийн дагуу хуулийн байгууллагынхан шалгахад Говьсүмбэр аймгийн харьяат А, Дундговь аймгийн харьяат З, О нар бүлэглэн  булш сүйтгэсэн болохыг илрүүлж Эрүүгийн хуулийн 129 дүгээр хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж шүүх рүү шилжүүлсэн байна. Шүүх хурлын явцад гэмт этгээдүүд “Эртний хаад ноёдыг оршуулахдаа “Шүрэн хөнжил”-өөр ороож хэрэглэж байсан алт эрдэнсээр нь ороож оршуулдаг байсан гэж сонсоод булш ухсан. Тэр үед эмэгтэй хүний сүнс бидний заримыг дараад авах шиг болсон. Тэгэхээр нь ухсан булшаа хаяад зугтсан. Булшнаас яснаас өөр юу ч олдоогүй” хэмээн мэдүүлжээ. Тэдэнд шүүхээс эрүүгийн хуулийн дагуу зохих хариуцлагыг оногдуулжээ Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Чойрын богд”, “Сансар хайрхан” зэрэг уулын ойр орчимд хүрэл зэвсгийн үеийн түүх соёлын дурсгалыг харуулсан эртний хүний оромж, отог бууц, оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, оршуулга, тахилгын газар, сүг зураг зэрэг археологийн дурсгалт 160 гаруй зүйл тус аймгийн Боловсрол соёлын газарт бүртгэлтэй аж. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин