Монголч эрдэмтдийн хуралд ЭСЯ-наас дэмжлэг үзүүлнэ
2013-03-14

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жинийг 3 дугаар сарын 13-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд БНСУ-д Монгол судлалыг үүсгэн хөгжүүлэх, Монголыг сурталчлан таниулах үйл хэрэгт тус нийгэмлэгийн зүгээс болон монголч эрдэмтэд сэтгэл зүтгэл гаргаж, идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, эрдэмтэн судлаачдад дэмжлэг үзүүлэх талаар зарлиг гаргаж, энэ дагуу Засгийн газраас Монгол судлалыг дэмжих хөтөлбөр баталсныг Элчин сайд уулзалтын үеэр тэмдэглэж, ЭСЯ-ны зүгээс монголч эрдэмтэд, Монгол судлалын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа нягтруулж идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Үүний эхний алхам болгож энэ 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус нийгэмлэгээс Сөүл хотноо зохион байгуулах Монголч эрдэмтдийн 33 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ЭСЯ-наас санхүүгийн туслалцаа үзүүлэхээр болсныг ноён Ким Хон Жинд мэдэгдэв. Нийгэмлэгийн тэргүүн Ким Хон Жин Монгол Улсын төр, засгийн зүгээс монголч эрдэмтдэд анхаарч, ЭСЯ санаачилан Монгол судлалын нийгэмлэгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг тэргүүлэн эхлүүлж байгаад талархал илэрхийлээд Монгол судлалын асуудлаар Элчин сайдтай тогтмол санал солилцож хамтран ажиллахаа илэрхийлэв. БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэг нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Солонгосын 220 гаруй монголч эрдэмтэн судлаачийг эгнээндээ нэгтгэдэг олон нийтийн байгууллага юм. Тус нийгэмлэг нь 1991 оноос монгол судлалын асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд “Монгол судлал” эрдэм шинжилгээний товхимлыг жилд хоёр удаа хэвлүүлэн гаргаж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин