“Хөх тасархай” уран бүтээлийн үзэсгэлэн гарна
2013-03-20

Монгол Улсын Боловсролын Их cургуулийн Дүрслэх Урлаг Технологийн cургуулийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач О.Доржготовын “Хөх тасархай” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-д энэ сарын 22-ноос 28-ны хооронд гарах уг үзэсгэлэн түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр эх орондоо төдийгүй Япон, БНХАУ, АНУ, Финлянд зэрэг улсад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. Энэхүү үзэсгэлэнд түүний Монгол зургийн уламжлалт арга барилаар зурсан бүтээлүүд болон өнгө, зохиомжийн шинэлэг шийдлээр бүтээсэн 26 бүтээл тавигдах аж. Тэрээр үзэсгэлэнгээ нэрлэсэн “Хөх тасархай” хэмээх бүтээлээ тайлбарлахдаа “Овоо оролцоотойгоор бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Монголчууд өн эртнээс мөнх тэнгэрийг шүтэж, байгаль дэлхийгээ дээдлэж, хайрлан хамгаалж ирсний илэрхийлэл нь овоо юм. Энэхүү бүтээлээрээ өвөг дээдсээс үлдээсэн ариун дагшин эх нутгаа хайрлан хамгаалж, оюуны болон байгалийн хэмжээлшгүй их баялагаа ухаалгаар хүртэн амьдрахыг даяарчлалын эрин зуунд хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй элэг нэгт Монголчууддаа уриалсан болно. Өндөр уулын орой дээрхи эрдэнийн чулуугаар босгосон овооны гол модноос таван өнгийн хадаг яндир салхины аясаар өнгө сүлэлдэн хийсэх агаад зуун зууны түүхийг хүүрнэх овооны оройд хадаганд нандигнан ороож өргөсөн мөнгөн аяга цухуйна. Энэ нь зохиомжийн гол төвийг хураан зангидах агаад хүмүүний оюуны ур, байгалийн баялаг, тансагийн яруу тодыг илтгэнэ. Овооны хадаг Монголын хөх тасархай...” хэмээжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин