“Хаврын урилга” уянга нэмлээ
2013-03-20

Монголын шинэ мянганы утга зохиол, яруу найргийн дээжсийг уншигч, үзэгчиддээ өргөн барихаар тэмүүлсэн долоон найрагч бүсгүйн тоглолт шинэлэг бөгөөд урин дулаан, ухаарал хайрласан уур амьсгалаар дүүрэн байлаа. “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт, МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ шагналт, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, яруу найрагч Д.Оюундэлгэр, Ш.Анхтуяа, Б.Болорцэрэн нарын долоон бүсгүй “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн зуу зуун залуу уран бүтээлчдийг төлөөлөн уран бүтээлийн заллага өргөж, нийт утга зохиол сонирхогч, яруу найрагт дуртай үзэгчиддээ энэ сарын 18-нд “Хаврын урилга” хамтарсан тоглолтоо өргөн барисан юм. Бүсгүйчүүд бүгд л өөр өөрийн гэсэн хит дуунууд, уншигчдын сэтгэлд хүрсэн шүлгүүдтэй тул тоглолтын утга агуулга баялаг бөгөөд өнгө өнгийг хослуулсан сюрпризээр дүүрэн байлаа. Тоглолтын нээлтийг найрагч бүсгүйчүүд хилийн цэргийн дүрэмт хувцастайгаар эхлүүлж эх орны дуулал найргуудаа өргөн барьсанаар эхэлсэн нь үзэгчдийн хувьд гэнэтийн зүйл болсон. Үзэг түшин, ном бүтээж суудаг бүсгүйчүүл тайзнаа хөл тавин гарч ирээд сэтгэл огшоосон шүлгүүдээ уншиж, биднийг өгөөмөр сайхан эх оронтой гэдгийг дахин сануулж өгсөн юм. Мөн жүжигчин СТА Д.Ганцэцэг зохиолч Х.Болор-Эрдэнийн “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал”-ыг нулимс урстал уншиж догдлол дүүрэн байсан танхимыг бүхэлд нь уйлуулж орхив. Үзэсгэлэнт бүсгүйчүүд гайхамшигтай ухаарал, зүрх булгилам үгсээр “цэцэг хэлхэж” аавдаа, ханьдаа, хүүдээ өргөж байснаас гадна яруу найрагч Б.Төгсжаргалын бүсгүйчүүддээ зориулсан “Бүсгүй хүн шүлэг л байдаг” шүлэг тоглолтод бас “салхи сэвэлзүүлж”, алга ташилтаар бороо орох шиг л болсон. Мөн найрагч бүсгүйчүүдийн  уянга яруу шүлгүүд эгшиг аялгуугаар амилан тодорч, дуучид ая дууны түрлэгүүдээ өргөсөөр байлаа. Ингээд хун цагаан даашинзтай үлгэрийн гүнжүүд мэт үзэсгэлэнт долоон бүсгүй тайзан дээр нэг нэгээрээ шүлэглэн гарч ирэх мөчид үзэгчид үнэхээр сэтгэлээ барьж дийлэлгүй алга нижигнүүлэн шуугиж байлаа. Яруу найрагчдын тоглолт бус жинхэнэ шоу үзүүлбэр дүүрэн болсон энэхүү тоглолтыг СТА найруулагч Э.Энхжин найруулан тавьсан бөгөөд эх орон, эр хүмүүс, хайр хаврын нэр төрийг өндөрт өргөж чадлаа. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
үзэгч:
Анхтуяа шүлгээ уншихдаа гацсаныг эс тооцвол үнэхээр сайхан тоглолт болсон шүү. яруу найрагч бүсгүйчүүддээ бүгдэд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
2013-03-21
Ток ток:
нээрээ гоё тоглолт болсоон ер нь бол дэмий очижуу гэж бодож л бсн харин дуусч байхад нь битгий дуусаасай л гэж бодож бла
2013-03-20